Д.ЖАРГАЛСАЙХАН: БУРУУГ ХӨНДЛӨНГӨӨС БУС ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛГЭЭНЭЭС ХАЙ

Хэрэвзээ бизнесийнхэн тодорхой асуудлаар дуу хоолойгоо нэгтгэе гэх юм бол эхлээд хоорондоо уулзаад ойлголтоо нэгтгэх хэрэгтэй.

Product & Design
 — 
6
 Min read
 — 
October 22, 2022

Монголын Бизнесийн Зөвлөлийн УЗ-ийн гишүүн, “ТУС солюшн ХХК”-ийн гүйцэтгэх захирал, туршлагатай бизнесмэн Д.Жаргалсайхантай уулзаж, сонин болоод содон байж болох сэдвийн талаар ярилцлаа. Сэдэв нь сэтгэлгээ. Үүнийг хөндсөний цаад санаа нь өөрийнхөө сэтгэлгээг цэгцэлж, өөрийгөө таньж чадах аваас бизнесийн ажил, бизнес зорилгодоо хүрч чадна гэсэн агуулга юм.

-Бизнесийн орчин, түүнийг сайжруулах талаар цөөнгүй хугацаанд ярьж, бичиж байна. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь бизнесийнхэн өөрсдөө өөр хоорондоо нэгдэж чадаж байгаа эсэх. Таны бодлоор энэ салбарынхан нэгдэж, нийлж хэр чадаж байна вэ?

-Чадаж байна уу гэдэгт хариулт өгч мэдэхгүй байна. Харин чадах ёстой юу гэвэл тийм. Нэгдэх ёстой гэдэг тулган шаардалгыг нийгэм маань бидэнд тавьж байна шүү дээ. Ингэж нийлэхгүй бол нэг, нэгээр нь татаж унагаагаад дуусна биз дээ. Эхлээд уул уурхай руу дайрч байснаа дараа нь шатахууны компаниуд, банкууд руу ч юмуу, эцэс сүүлд нь Нарантуулынхан руугаа дайраад дуусгах байх. Тийм учраас бизнесийнхэн ойлголтоо нэг болгоод, нийгмийг гэгээрүүлэх үйлст хүчээ нэгтээд явах хэрэгтэй байна.

-Бизнесийнхэн нэгдсэн юм уу, ер нь хэр нэгтэж чаддаг вэ гэдэг төрх Татварын хуулийн шинэчилсэн найруулга дээр харагдсан юм шиг ээ?

-Хэрэвзээ бизнесийнхэн тодорхой асуудлаар дуу хоолойгоо нэгтгэе гэх юм бол эхлээд хоорондоо уулзаад ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Сайн, муу бизнес, нийгмийн хариуцлага гээд л бид бүгдээрээ ярьдаг шүү дээ. Нэг компьютер бэлэглэснийгээ, эмнэлэгт нэг түргэний машин авч өгснийгөө нийгмийн хариуцлага гэж боддог нэг бүлэг хүмүүс байна. Олон хүн ажиллуулсныгаа нийгмийн хариуцлага гэж ойлгодог ч улсууд бий. Жишээ нь, энэ ойлголтыг бүх бизнесмэн нэг янзаар ойлгодог байх хэрэгтэй.

-Бизнесийн салбарынхны уулзалт бараг долоо хоног бүр болж байна. Энэ арга хэмжээнд  та оролцдог байх, тодорхой хүмүүстэй уулздаг л байх. Тэндээс харахад “Нэг ойлголтой байх” гэсэн байр суурин дээр хэр олон хүн нэгдэж байх юм. Тийм өнгө, төрх харагдах юм уу?

-Ойлголтын тал дээр ийм зөрүүтэй байна гэдгээ бид эхлээд мэддэггүй байсан. Одоо мэддэг болж. Үүгээр зогсохгүй, ойлголтоо нэг болгох хэрэгтэй юм байна гэдгээ ч мэддэг болсон. Энэ бол том өөрчлөлт гэж бодож байна. Бидний хэлж байгаа үг, хэрэглэж байгаа нэр томьёо бол тухайн ойлголтын зүгээр нэр нь л байхгүй юу. Гэтэл тэр нэрийг мэдсэнээрээ тухайн ойлголтыг мэддэг болчихлоо гэвэл үүн шиг том эндүүрэл байхгүй. Тиймээс тухайн  үгийн цаадах утгыг нэг болгох ёстой гэдэг тухай одоо олон бизнесмэн ярьж, хэлдэг болсон байна. Ингэж ярьж байгаа нь том дэвшил юм гэж би бодож байна. Харин ойлголтоо хэзээ нэг мөр нэг болгож авах юм? Энэ бол цаг хугацаа шаардах асуудал байх.

-Зарим хүнд тэс хөндлөн мэт санагдаж мэдэхээр нэгэн сэдвийг та хөнддөг. Тэр бол сэтгэлгээ. Миний ойлгосноор сэтгэлгээ цэцэрсэн цагт бизнесийн зорилго биелэгдэнэ гэсэн санааг дэвшүүлдэг?

-Манай монголчуудын нэг сул тал нь сэтгэлгээний замбараагүй байдал. Бидний сэтгэлгээ тун замбараагүй байна. Энэ замбараагүй сэтгэлгээнээсээ болоод өөртөө болоод өрөөлд маш их зовлон хурааж байгаагаа мэддэггүй. Гэсэн атал өөрийгөө мэддэг гэж бодоод байдаг. Уг нь сэтгэлгээг захирдаг хууль байдаг юм шүү дээ. Тэр нь логикийн хууль буюу учир шалтгааны хууль. Бид энэ хуульд захирагдах ёстой л доо. Үүнд захирагдахгүй байхаар баахан асуудал үүсгэж, дараа нь түүнийгээ засч залруулах гэсээр байгаад хамаг хүч, нөөцөө бардаг. Хожим сүүлд нь сөхрөөд унадаг. Тиймэрхүү зам руу би ороод үзсэн. Цөхрөнгөө барах ч үе байсан. Энэ хуульд зөвхөн бизнесмэнүүд биш дугаар хорооны иргэн, малчин бүгдээрээ захирагдах ёстой л доо.

-Бизнесмэнүүд сэтгэлгээний мухардлаас хэр амжилттай гарч чадаж байна вэ. Өнөөгийн нөхцөлд бол сөхөрчих гээд байх хандлага илүү байх шиг?

-Хамгийн эмгэнэлтэй нь, сөхрөөд уначихсан зарим бизнесмэн үүссэн асуудалдаа хэн нэгэн хүн, ямар нэгэн нөхцөл байдлыг буруутгаад байдаг. Гэтэл өөрийнх нь сэтгэлгээнээс болоод байна гэдгээ мэддэггүй. Зорилго тавьсан л бол түүнд хүрэх арга, замаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Энэ төлөвлөх процесс чинь өөрөө логик сэтгэлгээ л гэсэн үг шүү дээ. Зорилготойгоор бодох үйл ажиллагааг сэтгэлгээ гэнэ. Тиймээс сэтгэлгээ чинь логикгүй явбал зорилгодоо хүрч чадахгүй. Надад ч гэсэн бэрхшээл, асуудлууд олон тохиож байсан. Ийм үед өөрийгөө л таних хэрэгтэй. Бэрхшээлийн гол нь өөр дээр чинь байна гэдгээ мэдэж л байгаа бол, дээр нь би өөрөө юу ч мэддэггүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч чадах юм бол зорилгодоо хүрч чадна. Ингэж өөрийгөө ойлгож, дутагдлаа хүлээж чадахгүй бол газар хөдлөлт, салхи шуурга, замын түгжрэлээс болсон гэх мэтээр түмэн шалтгааныг хөндлөнгөөс хайж эхэлдэг.  

Like the article? Spread the word