Сэтгэлгээний алдаа

awareness.png

2019/05/16

Бидний дотоод ертөнцөд бидэнд мэдэгдээгүй далд мэдлэг, сэтгэлгээний өвөрмөц төрөл байдаг тухай өмнө дурдсан. Тэгвэл бидний сэтгэлгээ ямар зохион байгуулалттай болохыг бид сайн мэддэггүй. Хүн аливаа асуудлыг шийдэх явцдаа өмнөх туршлага мэдлэгтээ тулгуурлахын зэрэгцээ өөрийн дотоод нөөц, сэтгэлийн хүчээ шавхаж байдаг. Нөгөө талаас гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийн үр дүнд хүрч, сэтгэл ханамжтай байдлаар эсвэл дургуйцлээ илэрхийлэх замаар, баярлаж, баясгах, эвэл айж эмээх, уурлах зэргээр хариу барьж байдаг. Энэ субьектив хариу бол сэтгэл хөдлөлөөр илэрдэг. Тийм учраас сэтгэл хөдлөл бол  аливаа системийн сэтгэлгээнд асар их нөлөө үзүүлж байдаг байна. Бидний сэтгэлгээний үр дүн бол бидний гаргаж байгаа зөв, буруу шийдэл юм.

Сэтгэлгээний алдааг учир зүйн буюу логик ба сэтгэл зүйн алдаа гэж хоёр хуваан авч үзэж болно. Логик алдаа бол тодорхой дүрэм заавраас хазайсан хазайлтыг хэлэх учир түүнийг шалгаж болно. Логик алдааны тодорхой жишээг авч үзье.

Нэгд, Үндсэн ойлголт нь буруу тавигдснаас болж, баталж нотолж байгаа зүйл нь тэр чигээрээ буруу байдаг.

Хоёрт, Хэт яарч буруу дүгнэлт гаргах явдал тохиолддог.

Хүний сэтгэлгээний сэтгэл зүйн алдааны тухай Д.Халперн, Мак Маллин, Д.Канеман зэрэг олон эрдэмтэн судалж, бичсэн байдаг. Эдийн засгийн салбарт 2002 онд Нобелийн шагнал хүртсэн Изриалийн сэтгэл зүйч Даниел Кенамен тодорхой бус нөхцөлд шийдвэр гаргахдаа сэтгэл зүйн үүднээс хандах аргыг болвсруулжээ. Ялангуяа шийдвэр гаргаж буй хүмүүсийн гаргаж байгаа алдаануудыг сэтгэл зүйн талаас нь тодорхой тайлбарлаж чаджээ.

Тэнэг хүн алдаа гаргадаг ухаантай хүн алдаа гаргадаггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. Ухаантай хүн бол байнга шинэ зүйл сурч мэдэхийн төлөө явж үргэлж хөгжиж байдаг хүн юм. Хүн шинэ зүйл сурч мэдэх явцдаа заавал алдаа гаргадаг. Ийнхүү сурч байхдаа алдаа гаргаж байж тэр хүн ухаантай хүн хэвээрээ үлддэг. Алдаа гаргадаггүй хүн бол юу ч хийдэггүй хүн юм.

Тэгвэл алдаа гэж юуг хэлэх вэ?

Ямар нэгэн тогтсон хэм хэмжээнээс халихыг алдаа гэнэ. Тухайлбал, сур харваачийн тавьсан сум байны голд тусахгүй бол алдаа болно. Оюун санааны хувьд бол ямар нэгэн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, тооцоогоор батлагдсан болон экспертүүд гаргасан шийдлээс хэлбэлзэхийг сэтгэл зүйн алдаа гэнэ.

Сэтгэлгээний алдаанд:

Нэгд, ухамсаргүй сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөх,

Хоёрт, бодит байдлыг хэт хялбаршуулах,

Гуравт, өөртөө хэт итгэлтэй байх гэсэн хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.

Тэгвэл сэтгэлзүйн зарим нэг алдааг дурдъя.

Аргамжигдах. Бидний эргэцүүлэн бодох, шийдвэр гаргах үйл ажиллагаа оюун санаанд маань урдаас тогтсон бодол, эсвэл гаднаас тогтоосон “аргамжаа” буюу анх олж авсан мэдээллээс шууд хамаарч байдаг. 2007 оны 1 дүгээр сард Вашингтон хотын метроны буудлын хаалганы дэргэд хамгийн их ачааллын үеэр дэлхийд алдартай хийлч Жосиа Белл 1713 онд Страдиварийн бүтээсэн, өнөөдрийн ханшаар 3.5 сая долларын үнэтэй хийл дээр Бахын зохиолоос  45 минутын турш тоглосон байна. Дэлхийд хамгийн алдартай хийлч, хамгийн үнэтэй хийлээр, хамгийн сайхан аялгуунуудаас тоглож байхад түүнийг хүмүүс танихгүй байсны дээр 32-хон доллар хандивласан байна. Харин дэлхийн хамгийн алдартай хийлч, хамгийн үнэтэй хийлээр, хамгийн сайхан аянуудыг тоглох гэж байна гэсэн зар, мэдээллийг тараасан бол хэдий хэр хэмжээний их хандив цугларах байсныг төсөөлөшгүй. Бусадтай амархан санал нэгддэг зантай хүмүүс “аргамжаа”-нд илүү итгэж, алдаа гаргадаг.

Хэт өөдрөг бодолдоо автах. Хүсэж байгаа үйл явдлын тохиох магадлалыг хэт дээгүүр үнэлэх, эсвэл хүсээгүй үйл явдлын тохиох магадлалыг хэт доогуур үнэлэх нь сэтгэл зүйн алдаанд хүргэдэг. Бодит байдлыг үнэлж дүгнэхийн оронд хүсэл мөрөөдөлдөө автан шийдвэр гаргахыг “хүсэлд хөтлөгдсөн сэтгэлгээ” гэж ярьдаг. Хүмүүсийн өөдрөг сэтгэл нь хүсэн хүлээж байгаа үйл явдал тохионо гэдэг итгэл төрүүлж, гарч болзошгүй эрсдлийг харж чадахгүйд хүргэх талтай. Өөдрөг үзлээсээ болж төслийн төсвийг буруу бодох, хугацааг үндэслэл муутай тогтоох тохиолдол их гардаг.

Төлөвлөлтийн алдаа. Аливаа төлөвлөгөө зохиохдоо хүмүүс ирээдүйд гарч болох асуудлуудыг тооцож чаддаггүй, ялангуяа ажил хийж дуусах хугацаа , хийх ажлын хэмжээ, шаардагдах хүн хүчний болон материал бусад нөөцийн хэмжээг зөв тооцож чаддаггүй учраас алдаа их гаргадаг.

Дуусгах хэрэгцээ шардлага. Санаа зовж байгаа асуудлын шийдлийг аль болох түргэн хугацаанд олж асуудлыг шийдэх хүсэлд хөтлөгдсөн байдаг. Хүн буруу ч хамаагүй түргэн шийдэл олохыг боддог. Гэхдээ нарийн түвэгтэй асуудлын хувьд бол хурдан шийдвэр тус болдоггүй.

Шинэ санааг үгүйсгэх.  Хүний нэг онцлог бол өөрийн оюун санаанд нэгэнт тогтсон байр суриа баталгаажуулах мэдээллийг цуглуулах замаар хүлээн авч буй мэдээллийг өөрөө ч мэдэхгүйгээр ялгаж шигшиж байдаг. Би юуг ч мэднэ, юуг ч хийж чадна гэсэн сэтгэхүйн дотоод мэдрэмж бол бүхнийг мэдэж, бүх зүйлийг хийх чадамжтай байх боломжгүй гэсэн зүйлээс хэт давж байдаг. Шинээр төрсөн санаа санаачлагыг буруу гэж бодолгүй гаргаж байх хэрэгтэй.

Батлах гэсэн хандлага. Өөрийн бодол, гаргасан шийдвэрийг бататгаж буй мэдээллийг илүү зөв мэдээлэл гэж үзэх хандлагатай байдаг. Бидний онол буруудахгүй гэж хэзээ ч гүн бат итгэлтэй байж болохгүй. Сайн онолын хувьд ч худал зүйлийг эрж хайж бид чадна. Бидний туршилтыг амжилттай давсан ч гэсэн тухайн онол буруу байж болохыг үгүйсгэхгүй.

Хэтрүүлж үнэлэх. Олон янзын судалгаагаар хүн өөрийн боломжоо хэтрүүлэн үнэлдэг болох нь батлагдсан байна. Бид олсон амжилтаа өөртөө хамааруулж, алдаа дутагдлаа бусдад нялзаахыг хичээдэг. Хэтрүүлэгтэй үнэлдэг алдаа бол хамгийн өргөн тохиолддог, хамгийн эрсдэлтэй алдаа юм. Ажил хаялт, дайн, зарга зэрэг нь гол төлөв өөрийгөө хэтрүүлж үнэлсний үр дүн байдаг.

Алдар нэрийн төлөө. Америкийн сэтгэл судлаач Эдвард Торндайк анх удаа туршилт явуулж алдар нэрийн нөлөөг шалгасан байна. Харвардын их сургуулийн хэвлэх үйлдвэрт хэвлэсэн ном жирийн хэвлэх үйлдвэрт хэвлэснээс, нэртэй брендийн шошго тавьсан хувцас яг адилхан боловч шошгүй хувцаснаас хэд дахин үнэтэй байдаг нь алдар нэрийн төлөөг харуулж байна. Алдар нэрний төлөө хэт явах нь эргээд тухайн хүний амьдралд сөргөөр нөлөөлдөг байна.

Бодол төсөөлөлдөө хөтлөгдөх төөрөгдөл. Хүн аливаа зүйлийг хараад өөрийн бодол төсөөллөөрөө жинхэнэ бодит байдал дээрээ яг тийм гэж итгэдэг. Тэр ч байтугай өөрийн төсөөлөлд байгаа зүйлээ бодит зүйл гэж бодохыг бодол төсөөлөлдөө хөтлөгдөх төөрөгдөл гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэв надад ийм явдал тохиолдвол би яах байсан бэ? гэж бодож үзэх хэрэгтэй.

Бэлтгэсэн: С.Пүрэвсүрэн 

Эх сурвалж: Д.Бадарч, Б.Мөнххүж "Системийн сэтгэлгээ" ном




Сүүлд нэмэгдсэн

awareness.png

Нийтэлсэн: 2019/05/16

Сэтгэлгээний алдаа

Тэнэг хүн алдаа гаргадаг ухаантай хүн алдаа гаргадаггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. Хүн шинэ зүйл сурч мэдэх явцдаа заавал алдаа гарг...

Дэлгэрэнгүй
purpose.jpg

Нийтэлсэн: 2019/05/03

Системийн зорилго

Зорилго бол хүний төрөл бүрийн үйл ажиллагааг нэгтгэн, дэс дараалалд оруулан, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёоллыг хэлнэ.

Дэлгэрэнгүй
csystem_slide_research.jpg

Нийтэлсэн: 2019/04/22

Системийн тухай ойлголт

Систем нь аливаа хуваагдашгүй, тусгай обьект, зүйлийг бус харин харилцан уялдаа бүхий үргэлж хөдөлгөөнд орших олон юмсын нэгдэл юм.

Дэлгэрэнгүй