“Системийн сэтгэлгээ”-ний ерөнхий ойлголт

1_O7bV2xWjkE9gkhB1PjiQwA.jpeg

2019/04/16

Системийн сэтгэлгээ хэмээх ойлголт нь сонсоход ойлгомжтой мэт санагдавч бидний оюуны санд бүрэн төлөвшөөгүй сэтгэлгээ юм. Аливаа асуудлыг мөн чанарыг олон шинжлэх ухааны уулзвараас авч үзэн тайлбарлаж, он цагийн шалгуурыг туулан өнөө үед ирэхдээ хөгжлийн түлхүүрийг авчирсан гэж үздэгээс хөгжингүй орнууд ирээдүй хойч үеэ бүр багаас нь системийн сэтгэлгээний анхан шатны ойлголтуудыг цэцэрлэг, сургуулийн наснаас нь эхлэн зааж сургадаг болжээ. Энэ нь цаад утгаараа нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал үүрэг нөлөөтэй хэмээн ийнхүү ач холбогдол өгч буй хэрэг юм.

Ийнхүү системийн сэтгэлгээ нь өнөөгийн хөгжлийн явцад тогтвортой хөгжлийн удирдлагыг тодорхойлох шинжлэх ухааны мэдлэг болтлоо хөгжин аливаа системийг алган дээрээ байгаа мэт харж удирдах түлхүүр ухаан болжээ. Системийн сэтгэлгээний цар хүрээ ахуйн жижигхэн асуудлаас эхлээд дэлхий нийтийн асуудал, шийдвэрлэхэд түвэгтэй тодорхой бус зүйлийн хүрээнд ч зөн билгээрээ асуудлыг шийдвэрлэхийг хамардаг маш тустай шинжлэх ухааны мэдлэг юм. Тийм ч учраас сүүлийн үед системийн судалгаанд улс орнууд ихээхэн ач холбогдол өгдөг болсон.

Монгол улсын хөгжлийн гарц нь тунгаан бодох системийн сэтгэлгээг хөгжүүлэх явдал юм. Тунгаан бодох сэтгэлгээний угшил нь хөдөө аж ахуй, нүүдлийн ахуй амьдралаас үүсэлтэй. Жирийн малчдад тунгаан бодох сэтгэлгээ нь суурьшмал хотынхноос илт илүү байдаг нь тэдний хахир хатуу байгаль орчинтойгоо зохицон амьдрах чадвараас урган гардаг ажээ.

Системийн сэтгэлгээг үүсгэн хөгжүүлсэн эрдэмтдийн ихэнх нь хөдөө аж, ахуй, үйлдвэрлэлийн битүү гогцоот амьдралыг биеэр туулж мэдэрч байснаар өөрсдийн онол сургаалийг гаргасан хүмүүс. Системийн динамик загварчлалыг үндэслэгч Жей Форрестер үнээний фермийн эзнийд төрж өссөн учраас “Хөдөөний амьдрал их энгийн бөгөөд тэнд л жинхэнэ амьдралыг таньж мэднэ” гэж хэлжээ. Мөн “Өсөлтийн хязгаар” номоороо алдаршсан Доннела Меадоус ферм байгуулж, хонь хариулж, ноос болон ялгадасыг нь хүртэл эцсийн бүтээгдэхүүн болгон борлуулах дамжлагыг ажиглан байж, амьдралын гүнээс системийн сэтгэлгээний бүтээлээ бичиж байжээ.

Ер нь системийн судлаачдын ихэнх нь дэлхийн өнцөн булан бүрт байгалийн нөөц баялгаа шавхан экологийн тэнцвэрт байдлаа алдаж, ядууралд нэрвэгдсэн, дайн дажин, өлсгөлөн гуйлганчлалд өртсөн улс орнуудаар хэрэн хэсэж, системийн сэтгэлгээний бүтээлүүдээ гаргасан байдаг.

Вест Черчман зэрэг систем судлаачдын үзэж байгаагаар улс төр, ёс суртахуун, шашин шүтлэг, гоо сайхан гэсэн дөрвөн хүчин зүйл системийн хандлагад хамгийн их саад тотгор болдог гэж цохон тэмдэглэжээ.

Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийг харахад дээрх саад тотгоруудаар дүүрэн амьдрал үргэлжилж байгаа нь хэн бүхэнд тодорхой юм. Гагцхүү системийн сэтгэлгээний үүднээс хандах хандлага, нийгэмд дутагдсанаас аливаа улсын тогтвортой хөгжил, хүн ардын сэтгэл ханамжийн байр байдал, амьдралын түвшин доройтож ч мэдэх юм. Үүнд системийн сэтгэлгээний үүднээс хандах нь өнөөг хүртэл үгүйлэгдсээр иржээ.

АНУ-ын бүх их сургуулиудад 2000 оны үед Питер Сенгегийн “Таван ухаан” зэрэг системийн сэтгэлгээ, тодорхой бус логикийн таван номыг оюутнуудаар заавал судлуулж төгсгөдөг байсан бол өнөөдөр анхан шатны сургуулиудад зориулсан тусгай хөтөлбөрүүдийг өргөнөөр нэвтрүүлэх болжээ. Энэ нь хүүхдийг багаас нь нийгмийн сэтгэлгээнд төлөвшүүлэн хүмүүжүүлэхийн чухлыг онцолж байгаа хэрэг юм.

Профессор Д.Бадарч ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуульд проф. О.Ситников, проф. В.Глызин нарын удирдлагын дор системийн онолын талаар бэлтгэгдсэн манай улсын анхны мэргэжилтнүүдийн нэг юм. Мөн АНУ-ын Массачусетсийн Технологийн их сургуулийн системийн динамикийн проф. Жон Стермен, проф. Питер Сенге зэрэг эрдэмтдийн системийн сэтгэлгээний сургалтыг дүүргэсэн системийн онол, сэтгэлгээг манай оронд хөгжүүлэх талаар багагүй санаачлага гаргаж, хичээл заахын дээр ШУТИС-д "Систем судалгааны төв" байгуулж, систем динамикийн чиглэлээр шинэ үеийн залуу эрдэмтэд бэлтгэсэн системийн сэтгэлгээний чиглэлийн цөөн эрдэмтдийн нэг юм. Тэрээр системийн онол, сэтгэлгээг сурталчлаад зогсоогүй амьдрал дээр хэрэгжүүлж, ШУТИС-ийн өөрчлөлт шинэчлэлийг системийн сэтгэлгээний үүднээс явуулсан нь өнөөг хүртэл үр өгөөжөө өгсөөр байна.

Системийн онол, системийн хандлагын талаар мэдлэг эзэмшиж, түүнийг хэрэглэж чадахгүйгээр өнөөдөр ажиллаж, амьдрахад бэрхшээлтэй болжээ. Бидний амьдралын бүхий л чиглэлд системийн онолыг хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл бидний эргэн тойронд бүх зүйлийг систем гэж үзэж болох бөгөөд манай дэлхий ертөнц дээрх бүх зүйл системийн шинжтэй байдаг. Эндээс үзвэл, системийн онол бол хамгийн энгийн эд эс, атом, молекулаас дэлхий ертөнц, хүний нийгэм хүртлэх бүх зүйлийн оршин тогтож байгаа учир шалтгааныг тайлбарладаг онол юм. Хэрэв дэлхий өөрөө систем бөгөөд түүнийг системүүдээс бүрдсэн гэж үзвэл системийн онолыг зөвхөн физикч, одон орон судлаач, мэдээллийн систем, электроникийн инженерүүд төдийгүй биологи, анагаах ухаан, хэл зүй, урлаг зэрэг бусад бүх салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд эзэмших ёстой. Иймээс манай их, дээд сургуулиудын хүрээнд системийн сэтгэлгээний арга зүйг судлах, “Системийн онол, системийн сэтгэлгээ” хичээл заах зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Системийн сэтгэлгээг хэрэгжүүлж, амжилтанд хүрч байгаа нэг жишээ бол 1990-ээд оны эхэн үеэс монголын дээд боловсролын салбарт зах зээлийн шинэ харилцаанд нийцсэн өөрчлөлт шинэчлэлийг ШУТИС-иас хэрэгжүүлж, кредит системийн тогтолцоонд шилжсэн явдал юм. Их сургуулийн сургалтын ажлын зохион байгуулалтыг сургалтын төлөвлөгөө, оюутны мэдлэгийн үнэлгээ, оюутны сурах үйл ажиллагааны төлөвлөлт, багшийн хөдөлмөрийн үнэлгээ, сургалтын төлбөр, мэдээллийн систем зэрэг олон талаас нь уялдаа холбоог нь нарийн гаргаж, системийн сэтгэлгээний үүднээс шийдвэрлэж чадснаар энэхүү шинэчлэл нь өнөөдрийг хүртэл үр өгөөжтэй хэрэгжиж байгаа төдийгүй, улсын хэмжээнд нэвтрүүлэх шаардлагатайг бусад их сургуулиуд ч хүлээн зөвшөөрч эхэлсэн байна.

 

Бэлтгэсэн: С. Пүрэвсүрэн




Сүүлд нэмэгдсэн

Untitled-design-4-860x9999.jpg

Нийтэлсэн: 2019/06/14

Шийдвэр гаргахад туслах арга загварууд

Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? Хэрхэн өөрчлөлтийг амжилттай хийх вэ? зэрэг олон асуулт бизнес эрхлэгч төдийгүй, профессор багш, удирдах ажилтан, хүн бүрийн ө...

Дэлгэрэнгүй
0503.JPG

Нийтэлсэн: 2019/06/07

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх арга хэрэгсэлүүд

Материаллаг болон оюун санааны ертөнцөд цоо шинийг зохион бүтээхийг бүтээлч үйл ажиллагаа гэдэг. Бүтээлч үйл ажиллагааны үр дүн нь хосгүй, цоо шинэ учраас жи...

Дэлгэрэнгүй
custom-system-development-in-cambodia-0013.png

Нийтэлсэн: 2019/05/31

Системийн загвар, загварчлалын аргын тухай

Загвар гэж обьектын эх хувилбарыг тодорхой нөхцөлд орлож чадахуйц орлох-обьектыг хэлнэ гэсэн тодорхойлолт байдаг. Цаашилбал, загвар гэдэг бол судалж байгаа о...

Дэлгэрэнгүй