Системийн сэтгэлгээний үүсэл

system.PNG

2019/04/17

Бид бүхэн удамшлын өгөгдөл болох авьяас чадвараа, амьдран буй нийгэм орчин, гэр бүлээсээ олж авсан хүмүүжил мэдлэг боловсролоо хөгжүүлснээр амьдралынхаа чиг шугамыг тодорхойлон, өөрийн гэсэн үзэл бодолтой болдог.

Хүн бүрт илт мэдэгдэх мэдлэгээс гадна өөрөө ч сайн ухамсарлаж мэдрээгүй нуугдмал мэдлэг бас байдаг. Бид амьдралынхаа туршид янз бүрийн ээдрээ түвэгтэй асуудлуудтай үргэлж тулгарч, тэдгээрийн мөн чанарыг ойлгож, уялдаа холбоог нь тогтоох замаар зөв шийдэл гаргахыг үргэлж оролдож байдаг.

Харамсалтай нь, эдгээр асуудлуудыг шийдэх явцад тухайн хүний оюун ухаан олон тооны илт мэдэгдэх ба үл мэдэгдэх хүчин зүйлүүдтэй тулгарч байдаг. Энэ талаар мэдээлэл хомс, гаргах шийдвэрийн үр дагавар бүрхэг байдаг учраас асуудлыг өөрийн чадавх, нуугдмал мэдлэг болон урд өмнө ижил төстэй асуудлыг шийдэж байсан туршлагадаа тулгуурлан шийдвэр гаргаснаар алдаа оноог хожуу мэдэрч, өнгөрсөн хойно дүгнэлт хийх явдал олон байдаг.

Иймээс аливаа асуудлыг тал бүрээс нь нарийн судлаж, оновчтой шийдвэр гаргахыг хичээж ажилладаг билээ. Амьдралдаа ямарваа асуудалд зөв хандаж, оновчтой шийдвэр гаргаж чадсан бол үр удамдаа төдийгүй түүхэнд нэрээ үлдээж, олон түмний хайр хүндэтгэл хүлээдэг жамтай билээ. Гэвч асуудлыг ингэж нухацтай зөв шийддэг гоц авьяастай хүмүүс тун цөөхөн байдаг.

Аливаа асуудлыг шийдэх нийтлэг арга замыг томьёолох оролдлогыг эрдэмтэд дээр үеэс эхлэн хийж эхэлсэн байна. Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад хуримтлуулсан мэдлэгийн үндсэн дээр хорьдугаар зууны хоёрдугаар хагаст системийн сэтгэлгээний талаарх ойлголтыг эрчимтэй хөгжүүлж, улмаар системийн онолыг бий болгож, асуудлыг цогц байдлаар шинжлэх ухааны үндэстэй авч үзэх нөхцлийг бүрдүүлсэн юм. Гэсэн хэдий ч системийн сэтгэлгээний талаар мэдлэг хомсоос болж асуудалд өрөөсгөл хандаж, шийдвэр гаргаж буй нь байгаль, нийгэмдээ шинэ ойлгомжгүй асуудлуудыг бий болгож байгаа жишээ олныг нэрлэж болно. Системийн сэтгэлгээ бий болсон нь барууны шинжлэх ухааны сэтгэлгээний түүхэнд жинхэнэ хувьсгал болсон юм.

Системийн сэтгэлгээний хөгжлийг дөрвөн үндсэн үе шаттайгаар авч үзэж болно.

Системийн сэтгэлгээний хөгжлийн эхэн үе:

Энэ үед системийн сэтгэлгээний зарим нэг ойлголт бий болж, түүнийг гүн ухааны үүднээс тайлбарлахыг оролдож байсан. Бүр эрт дээр үеэс ХХ зууны эхэн хүртэлх хугацааг системийн сэтгэлгээний хөгжлийн эхэн үе гэнэ. Энэ үед хүний танин мэдэхүйн ба практик үйл ажиллагааны үр дүнд болон зарим суут эрдэмтдийн зөн билгээр системийн сэтгэлгээний зарим нэг ойлголт бий болж, түүнийг гүн ухааны үүднээс тайлбарлахыг оролдож байсан ч онолын нэгдсэн ойлголт бий болж чадаагүй юм. Системийн тухай анхны таамаглалыг эртний Грекийн философич Анаксагор (МЭӨ 500-428) гаргасан байна. Тэрээр нарыг бөмбөлөг хэлбэртэй, галд бүх юм хуваагдах чанартай гэж системийн тухайн анхны санааг гаргаж байжээ.

Системийн сэтгэлгээний хөгжлийн хоёрдугаар үе:

 Системийн тухай ойлголт шинжлэх ухааны мэдлэг болон гүнзгийрч, танин мэдэхүйн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэрэгсэл болсон юм. Өнгөрсөн зууны эхэн үеэс дунд үеийг хүртэл хугацаанд системийн сэтгэлгээний онолын үндсийг тавьж, системийн тухайн онолыг дэвшүүлж, системийн тухай ойлголтыг мэдлэгийн бүх салбарт өргөн хэрэглэх болсон юм.

Системийн сэтгэлгээний хөгжлийн гуравдугаар үе:

Энэ үед өнгөрсөн зууны 50-иад оны хоёрдугаар хагасаас гараагаа эхэлсэн бөгөөд системийн сэтгэлгээ нь шинжлэх ухааны арга болж, шинжлэх ухааны нээлт, технологийн бүтээлд өргөн хэрэглэгдэх болсон юм. Системийн ерөнхий онол бол философи, математикийн шинжлэх ухааны уулзвар дээр хөгжиж иржээ. Физикийн, химийн, биологийн, эдийн засгийн, нийгмийн салбарт тэдгээрийн онцлогоос хамаарч тухайн салбарын хэмжээнд системийн онолыг хөгжүүлсэн байна.

Системийн сэтгэлгээний хөгжлийн дөрөвдүгээр үе.

Энэ үе бол системийн динамикийн эрин үе юм. Жэй Форрестер системийн динамикийн үндсийг тавьж, түүнийг аж үйлдвэрийн салбарт төдийгүй, хот байгуулалт, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хүн амын өсөлт, агаарын бохирдол, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэсэн явдал системийн сэтгэлгээний хөгжилд үсрэлт гаргасан юм. Системийн сэтгэлгээний цаашдын хөгжилд Массачусетсийн Технологийн институтын Систем динамикийн судалгааны төвийн удирдагч профессор Ж.Стерман, профессор П.Сенге нарын бүтээл онцгой ач холбогдолтой болж байна.

Ж. Стерманы “Бизнесийн динамик” бүтээл нь орчин үед бизнесийн хөгжилд системийн динамикийн загварчлал хэрхэн ашиглах тухай гарын авлага болсон бүтээл юм. П.Сенге бол өнөөдөр аливаа сурах үйл ажиллагаанд хамт олноороо оролцох нь байгууллагынхаа өмнө тавигдаж байгаа зорилгын талаар нэгдмэл ойлголттой болж, түүнийг хэрэгжүүлэх талаар хамтын оюун ухаанаа дайчлах замаар өрсөлдөх чадвар нь дээшилж байдаг гэсэн онолыг гарган тавьж, “Тавдахь ухаан” болон бусад хэд хэдэн бүтээлдээ нийтэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд системийн сэтгэлгээг сэтгэл судлалын талаас нь гүнзгий судалж, сэтгэлгээний алдаанд дүн шинжилгээ хийж, аливаа шийдвэр гаргахдаа аль болох оновчтой арга замыг сонгож, системийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар өргөн хүрээтэй судалгаа хийж байна.

 

Бэлтгэсэн: С. Пүрэвсүрэн

Эх сурвалж: Д.Бадарч, Б.Мөнххүж "Системийн сэтгэлгээ" ном 




Сүүлд нэмэгдсэн

awareness.png

Нийтэлсэн: 2019/05/16

Сэтгэлгээний алдаа

Тэнэг хүн алдаа гаргадаг ухаантай хүн алдаа гаргадаггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. Хүн шинэ зүйл сурч мэдэх явцдаа заавал алдаа гарг...

Дэлгэрэнгүй
purpose.jpg

Нийтэлсэн: 2019/05/03

Системийн зорилго

Зорилго бол хүний төрөл бүрийн үйл ажиллагааг нэгтгэн, дэс дараалалд оруулан, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёоллыг хэлнэ.

Дэлгэрэнгүй
csystem_slide_research.jpg

Нийтэлсэн: 2019/04/22

Системийн тухай ойлголт

Систем нь аливаа хуваагдашгүй, тусгай обьект, зүйлийг бус харин харилцан уялдаа бүхий үргэлж хөдөлгөөнд орших олон юмсын нэгдэл юм.

Дэлгэрэнгүй