Системийн зорилго

purpose.jpg

2019/05/03

Системийн тухай бүрэн бүтэн тодорхойлолт байхгүй байгаагийн нэг шалтгаан бол тухайн системийн “зорилго” гэсэн ач холбогдлыг орхигдуулсантай уялдаатай юм. Системийн бүх шинж чанар нь зорилготой шууд холбоотой байдаг. Өнөөдөр зорилго бол хүний ухамсарт үйл ажиллагааны нэг элемент гэж үзэх болсон. Хүн амьдрахын тулд суурь хэрэгцээнүүдээ тогтвортой хангаж байх шаардлагатай бөгөөд хангах арга замыг байнга эрэлхийлж, улмаар хэрэгцээгээ хангасан байна гэж хийсвэрлэн бодож, мөрөөддөг байна. Тэрхүү мөрөөдлөө бодит байдал болгохыг зорьдог. Үүнээс үүдэн Зорилго гэсэн ойлголтыг таньж мэдэх шаардлага бий болж байгаа юм. Хүн мөрөөдлөө бодит байдал болгохын тулд өөрийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлдлүүдийг урьдчилан төлөвлөж хийдэг бол зарим тохиолдолд өөрийнхөө хэрэгцээнд захирагдаад, хүссэн хүсээгүй зарим үйлдлүүдийг урьдчилан төлөвлөхгүйгээр хийж явдаг ажээ. Тэгэхдээ өөрт байгаа нөөц /цагийн, мэдлэгийн, мөнгөний/-д үндэслэн чадахыгаа өөрөө хийгээд, чадахгүйгээ бусадтай хамтарч xийдэг байна. Зорилго бол тодорхой хэрэгцээг хангах үйл ажиллагааны онцлох хэв шинжийг илэрхийлсэн, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёолол юм. Өөрөөр хэлбэл, зорилго бол зөвхөн хүнд хамаарах хүчин зүйл юм. Аливаа системийн нэг онцлог бол зорилгод чиглэсэн байдаг. Эндээс харахад зорилго бол систем үүсгэх үндсэн хүчин зүйл болж байгаа юм. Гэвч системийн тухай нэг ч ойлголтод “зорилго”-ын тухай ойлголт огт дурдагдаагүй байна. Зорилгогүй систем байдаггүй, харин тодорхой зорилгод хүрэхийн тулд элементүүд нэгдэж систем үүсгэдэг байна.

Системийн ерөнхий онол нь дөрвөн аксиом буюу үнэнд,  дөрвөн үндсэн хуульд үндэслэгдэж байдаг. Үүнд:

Аксиом 1.- Систем бүрд нэг ерөнхий зорилго байдаг.

Аксиом 2.-Системийн зорилгыг гаднаас тодорхойлж тавьдаг.

Аксиом 3.-Зорилгодоо хүрэхийн тулд систем нь үйл ажиллагааг явуулдаг.

Аксиом 4.-Системийн үйл ажиллагааны дүн нь системээс хамааралгүй байдаг.

Системийн 4 үндсэн хууль:

1.      Оршин тогтнох байдлаа хадгалах тухай хууль

2.      Учир шалтгаан- үр дагаврын хамаарлын тухай хууль

3.      Зорилгын шаталсан байдлын тухай хууль

4.      Системийн шаталсан бүтцийн тухай хууль

Зорилготой байх зарчим

Систем бүрд ерөнхий нэг зорилго байдаг гэсэн аксиом нь аливаа систем зорилго, зориулалттай байх зарчмыг илэрхийлж байна. Бүх хэсэгт тодорхой замаар ижил үйлчилгээ үзүүлэхэд нэг хэсэг нь нэг төрлийн хариу үйлдлийг тогтмол өгч байхад нөгөө хэсэг нь тааварлашгүй хариу үйлдэл хийж байдаг. Тэгвэл, гадны тодорхой үйлчлэлд тогтмол нэг төрлийн хариу үйлдэл хийж байдаг объектыг систем гэж үзэж болно. Гадны тодорхой үйлчлэд өгч байгаа тогтмол нэг төрлийн хариу үйлдэл бол системийн зорилго юм. Систем нь зорилгын дагуу бий болдог байна. Янз бүрийн систем төрөл бүрийн зорилготой байх бөгөөд зорилго нь системүүдийг хооронд нь ялгах шалгуур болж байдаг. Нөгөө талаас авч үзвэл, систем байвал түүнд зорилго байх ёстой гэсэн дүгнэлт хийж болно.

Үүнээс үзэхэд зорилго бол системийг тодорхойлж байна. Зорилго байвал систем байна. Зорилгогүй бол систем байхгүй.

Зорилго тодорхойлж өгөх зарчим

Систем бол тодорхой зорилго, чиглэлтэй харилцан үйлчлэл бүхий элементүүдийн цогцыг хэлнэ.

Нэгд, заавар өгөх замаар системийн зорилгыг тодорхойлж болно. Заавар бол хатуу дагаж мөрдөх үйл ажиллагааны алгоритм юм. Алгоритм бол тавьсан зорилгод тодорхой алхамын дараа хүрэхийн тулд хийх дэс дараалал юм.

Хоёрт, чиглэл өгөх замаар системийн зорилгыг гаднаас тодорхойлж болно. Чиглэл өгөх нь заавар өгөхөөс илүү зөөлөн ойлголт бөгөөд тавьсан зорилгод хүрэх арга замыг өөрөө сонгох эрхтэй байдаг. Үүнээс үзэхэд чиглэл өгсөн зорилгыг тодорхойлж, үйл ажиллагааны алгоритмыг даган мөрдөж ажиллах нь хамгийн үр дүнтэй арга юм.

Зорилгод хүрэх үйл ажиллагааг явуулах зарчим

Зорилгодоо хүрэхийн тулд систем нь тодорхой үйл ажиллагааг явуулдаг. Үүнээс үзэхэд системийн зорилго нь зорьсон үр дүн дүнд хүрэхийн тулд тодорхой үйлдлийг гүйцэтгэх эрмэлзэл юм. Зорилгодоо хүрэхийн тулд аливаа систем тодорхой зорилготой үйл ажиллагааг хийдэг. Тодорхой зорилго тавьсан тохиолдол болон үр дүндээ хүрээгүй тохиолдолд систем тодорхой үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хүлээгдэж байгаа үр дүндээ хүрсэн тохиолдолд тавьсан зорилгодоо хүрэх бөгөөд тухайн ажлын системийн үйл ажиллагаагаа зогсоож, дараагийн ажлын зорилгоо тодорхойлно.

 

Бэлтгэсэн: С.Пүрэвсүрэн 

Эх сурвалж: Д.Бадарч, Б.Мөнххүж "Системийн сэтгэлгээ" ном

 




Сүүлд нэмэгдсэн

Untitled-design-4-860x9999.jpg

Нийтэлсэн: 2019/06/14

Шийдвэр гаргахад туслах арга загварууд

Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? Хэрхэн өөрчлөлтийг амжилттай хийх вэ? зэрэг олон асуулт бизнес эрхлэгч төдийгүй, профессор багш, удирдах ажилтан, хүн бүрийн ө...

Дэлгэрэнгүй
0503.JPG

Нийтэлсэн: 2019/06/07

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх арга хэрэгсэлүүд

Материаллаг болон оюун санааны ертөнцөд цоо шинийг зохион бүтээхийг бүтээлч үйл ажиллагаа гэдэг. Бүтээлч үйл ажиллагааны үр дүн нь хосгүй, цоо шинэ учраас жи...

Дэлгэрэнгүй
custom-system-development-in-cambodia-0013.png

Нийтэлсэн: 2019/05/31

Системийн загвар, загварчлалын аргын тухай

Загвар гэж обьектын эх хувилбарыг тодорхой нөхцөлд орлож чадахуйц орлох-обьектыг хэлнэ гэсэн тодорхойлолт байдаг. Цаашилбал, загвар гэдэг бол судалж байгаа о...

Дэлгэрэнгүй