Системийн загвар, загварчлалын аргын тухай

custom-system-development-in-cambodia-0013.png

2019/05/31

Эхэн үедээ тодорхой нөхцөлд обьектыг орлож болох туслах обьектыг загвар гэж нэрлэж байжээ. Энэ үед бидний мэдлэгийг загвар хэлбэрээр илэрхийлэх шаардлага төдийгүй боломжийг ч ухаарч чадаагүй юм. Эртний философчид байгалийн үзэгдлийг загварчлах боломжгүй гэж үзэж байсан байна. Харин байгалийн үзэгдлийг зөвхөн логик, маргаан, ухаан бодлоо уралдуулж байж дүрсэлж, тайлбарлаж болно гэж үзэж байжээ. Хэдэн зуун жилийн дараа Английн хааны шинжлэх ухааны нийгэмлэг зөвхөн туршилт буюу математикийн аргаар батлагдсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг уриалж эхэлсэн юм. Англид олон жилийн турш шинжлэх ухаан гэсэн ойлголтод хүмүүнлэгийн ухаан багтдаггүй харин хүмүүлэгийн ухааныг урлагийн төрөлд оруулдаг байжээ. Тиймээс загвар гэдэг ойлголтыг маш удаан хугацааны турш машин, техник, амьтан, хүний жижигрүүлсэн загвар зэрэг зөвхөн материаллаг обьектод хамруулж байжээ. Ийм загварын үндсэн шинж чанарыг цааш нь гүнзгий бодож, тунгааж ойлгосны үр дүнд загварын тухай олон төрлийн тодорхойлолт гарсан юм.

Тухайлбал, загвар гэж обьектын эх хувилбарыг тодорхой нөхцөлд орлож чадахуйц орлох-обьектыг хэлнэ гэсэн тодорхойлолт байдаг. Цаашилбал, загвар гэдэг бол судалж байгаа обьектын аль нэг шинж чанарыг илэрхийлж чадахуйц, тэр обьектын тухай мэдлэг олж авах боломж бүхий дүрслэл юм. Загвар нь обьектын эх хувилбарын шинж чанарыг агуулж байхын зэрэгцээ түүнтэй ажиллахад илүү тохиромжтой байдаг талтай.

Янз бүрийн обьект-системийг судлах явцад судлаачид тэдгээр обьектыг хэрхэн дүрслэн харуулах асуудалтай тулгарч байдаг. Үүнтэй уялдан загвар нь зөвхөн материаллаг обьект байхаас гадна хийсвэр обьект байж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Обьектыг үгээр тодорхойлж бичихээс гадна график зураг, тэгшитгэл томьёо, загвараар дүрсэлж болдог. Ийнхүү обьектын дүрслэл, тусгалыг загвар гэх бөгөөд загвар бүтээх үйл ажиллагааг загварчлал гэж нэрлэдэг байна. Аливаа загварт дараах шаардлага тавигддаг. Загвар нь юуны өмнө дуурайлган үйлдсэн эх обьекттойгоо ойр дөт байдлаар илэрхийлэгдсэн байх ёстой.

Мөн загварыг судлах явцад дуурайлган үйлдсэн эх системийн тухай мэдээллийг олж авах боломжтой байх ёстой. Яагаад загвар хэрэглэх шаардлагатай вэ? гэсэн асуулт гарч ирж болох юм.

Нэгд, бодит систем бол маш нарийн бүтэцтэй, тухайн системд маш олон тооны хүчин зүйл үйлчилж байдаг нь түүнийг судлахад түвэгтэй байдал үүсгэнэ. Энэ байдлаас гарахын тулд загвар зохиож, судлаж үздэг.

Хоёрт, амьдрал дээрх бодит систем дээр туршилт явуулах нь заримдаа огт боломжгүй байдаг бөгөөд гол төлөв асар их өртөг зардал шаарддаг тул түүнийг загвар дээр туршиж үздэг.

Эцэст нь, загварын тусламжтай үйл явцын хэтийн чиг хандлагыг тодорхойлж, урьдчилсан дүгнэлт хийх боломжтой. Загварчлал бол танин мэдэхүйн арга юм. Иймээс шинжлэх ухааны салбар бүгд загварчлалын олон тооны арга байдаг.

Загварыг материаллаг буюу хийсвэр гэсэн хоёр том бүлэгт хувааж болох талтай. Бидний нүдэнд харагдаж мэдрэгддэг юмсын болон хүний гараар бүтсэн загварыг материаллаг загвар гэдэг бол хүний оюун санаанд буусан дүр, дүрслэлийг хийсвэр загвар гэнэ. Хүүхэлдэй, тоглоомын машин, тэрэг зэрэг хүүхдийн тоглоом нь материаллаг загвар юм.

 

Загвар зохиох үе шат

Загвар зохиох үйл ажиллагаа давталтын журмаар урдаас томьёолсон зорnлгын хүрээнд явагддаг. Загвар зохиох ажил бодит систем, түүний дотоод бүтэц, элементүүдийн хоорондын харилцан үйлчлэл, гадны хүчин зүйлүүдийг судалж шинжлэхээс эхэлж, загвар зохиосноор дуусгавар болдог. Загвар зохиох үе шатыг дараах байдлаар тодорхойлж болно.

Үүнд:

1. Системийн загварт тавих шаардлагыг судлах

1.1   Загварчлалын зорилгыг судлах

1.2   Загварчлах системийн талаар мэдээллийг цуглуулж, шинжлэх

1.3   Загварын гол санааг гаргах

1.4   Гаргасан бол гол санаагаа дахин шалгаж батлах

2. Загвар боловсруулах

2.1   Загварчлах орчноо сонгох

2.2   Логик загвар бүтээх

2.3   Загварын элементүүдийн шинж чанарыг тодорхойлж өгөх

2.4   Загвараа шалгах

3. Туршилт явуулах

3.1   Загвараа турших

3.2   Загварын үзүүлэлтийн талаар статистик мэдээлэл цуглуулах

3.3   Загварчлалын үр дүнд үнэлгээ өгөх

Эхний үе шатанд системийн загварт тавих шаардлагыг судалж, загварын гол санаа, дүр зургийг гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл, системийн бүтэц, элементүүдийн шинж чанар, зорилгод хүрэхэд нөлөө бүхий учир шалтгаан  үр дагаврын хэлхээ холбоосыг толдорхойлж өгнө. Өөрөөр хэлбэл, системийн онцлог шинж , үндсэн үзүүлэлт, үйл ажиллаааны талаар тодорхой тайлбарыг бичих ёстой. Системийн үзүүлэлт нь санамсаргүй тоон утгатай байдаг учраас түүнд тохирсон математик арга хэрэгслийг ашиглах шаардлагатай.

Загвар боловсруулах хоёрдахь шатанд загвар зохиох программын болон техник хэрэгслээ сонгож, эхний үе шатанд боловсруулсан загварын гол санаа, дүр зургийг компьютерийн загварт оруулах ажлыг эхлүүлнэ. Компьютерийн загварт загварын хугацааг тодорхойлох явдал их чухал байдаг.

Туршилт явуулах үе шат бол шийдвэрлэх үе шат юм. Системийн загвар нь бодит системийг дуурайж, мэдээллийг цуглуулж, боловсруулалт хийж, шийдвэр гаргах бөгөөд түүний үр дүнгээс хамаарч дүгнэлт гаргадаг. Загварчлалын үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ өгөх үе шатанд тавьсан зорилго, хүлээж авсан үр дүнг харьцуулж эцсийн дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлт нь туршилтыг цаашид үргэлжлүүлэх үндэс болохын дээр системийн загварт өөрчлөлт оруулах, алдаагаа засах зэрэг боломж олгоно. Загварчлалын үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ өгөх үе шатанд тавьсан зорилго, хүлээж авсан үр дүнг харьцуулж эцсийн дүгнэлт гаргадаг.

 

Бэлтгэсэн: С. Пүрэвсүрэн

Эх сурвалж: Д.Бадарч, Б.Мөнххүж "Системийн сэтгэлгээ" ном


 




Сүүлд нэмэгдсэн

family_background_parents_grandparents_children_icons_cartoon_design_6838181.jpg

Нийтэлсэн: 2019/09/04

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлж байна

Уг судалгааны зорилго нь залуу судлаачдыг судалгааны арга зүйд суралцуулах, жишиг гэр бүлийн загвар боловсруулахад оршиж байна.

Дэлгэрэнгүй
Untitled-design-4-860x9999.jpg

Нийтэлсэн: 2019/06/14

Шийдвэр гаргахад туслах арга загварууд

Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? Хэрхэн өөрчлөлтийг амжилттай хийх вэ? зэрэг олон асуулт бизнес эрхлэгч төдийгүй, профессор багш, удирдах ажилтан, хүн бүрийн ө...

Дэлгэрэнгүй
0503.JPG

Нийтэлсэн: 2019/06/07

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх арга хэрэгсэлүүд

Материаллаг болон оюун санааны ертөнцөд цоо шинийг зохион бүтээхийг бүтээлч үйл ажиллагаа гэдэг. Бүтээлч үйл ажиллагааны үр дүн нь хосгүй, цоо шинэ учраас жи...

Дэлгэрэнгүй