Мэдлэг сэтгэлгээгээ цэгцлэхээс эхэлнэ

2.jpg

2019/01/04

"Тус солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай цэгцтэй сэтгэлгээ, системийн шийдлийн талаар ярилцлаа.

-Цэгцтэй сэтгэлгээ, системийн арга барил гэдгийг компанийн жишээн  дээр тайлбарлахгүй юу?

-Бид компани байгуулж, үйл ажиллагаа эрхлэнэ гэж ярьдаг. Тэгвэл эхлээд үүсгэн байгуулагчид нь компани гэж юу вэ, байгуулна гэж юу вэ, үйл ажиллагаа гэж юу вэ, эрхлэнэ гэж юу вэ гэдэг дээр тус бүрчлэн ярилцаж, яв цав нэгдсэн ойлголт дээр буух ёстой. Дээрхи ойлголтуудыг нэг утгаар ойлгогдохоор, логик уялдаатайгаар  тодорхойлно гэсэн үг. Жишээлбэл компанийг яагаад байгуулдаг вэ гэдэг асуултанд өгөх нэг стандарт загварын тодорхой хариулт хараахан алга. Гол нь компанийн зорилго нь ийм утга учиртай юм байна гэсэн энгийн, логик зөрчилгүй томьёолол гаргах зайлшгүй шаардлагатай. Энэ томьёоллын цаана логик буюу учир шалтгаан л яригдана. 

Энэ учир шалтгаан нь зөрчилтэй эсвэл тодорхойгүй байвал энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт бодит зөрчил буюу асуудал болон илэрнэ. Ингэж тодорхойлж, томьёолж чадахгүй бол тухайн бизнес эрхлэх гэж буй хүмүүс юу хийх гэж байгаагаа мэдэхгүй байна л гэсэн үг. 

 

-Хэрэв анхнаасаа нэгдсэн нэг ойлголттой болохгүй бол яах вэ?

-Ингэж чадаагүй бол компани дотор олон төрлийн хохирол учруулах зөрчилдөөн үүсдэг. Тухайлбал ойлголтын, мэдээллийн, эрх ашгийн, хэмжүүрийн зөрчилдөөн гарна. Мэдээллийн зөрчилдөөн нь захирал ажилтан хоёр хэдий нэг зорилготой ч тухайн хийх зүйл дээрээ хоёр ондоо мэдээлэлтэй үед гардаг. Үүргийн зөрчилдөөн гэхэд нэг нь нөгөөгийнхөө хийж байгаа зүйлд саад болж аль эсвэл давхцаж байдаг. Тухайн компанийн зорилго нь тухайн зорилгыг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцож буй бүх талуудыг нэгтгэж чадахгүй байгаагаас үүдэн эрх ашгийн зөрчилдөн гарна.Харин зорилго, мэдээлэл, ойлголтууд нэг байлаа ч бас нэг өөр төрлийн зөрчилдөөн байдаг нь хэмжүүрийн зөрчилдөөн юм.

Эдгээр зөрчилдөөнүүдээс үүдээд оролцогчдын хооронд үл ойлголцол үүсч, энэ нь даамжирч үл итгэлцэл болж хувирна. Цаашлаад үүссэн үл итгэлцэл нь зөрчилдөөн, дайсагналд хүрч компани дампуурдаг. 

Үүнийг системийн онолоор систем сүйрэн унана гэж байгаа юм. Учир нь ойлголтын зөрүү, мэдээллийн болон үүргийн зөрчилдөөн, сонирхлын зөрчлөөс болж систем дотоод зөрчилдөө идэгдэж байгаа хэрэг. Яагаад гэвэл хамтраад бизнес хийе гэж байвч бүгд өөрийнхөө туршлага, мэдлэг дээрээ тулгуурлаад өөр өөрөөр ойлгочихсон учраас. Ийм учраас бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, байгууллага хамт олон нэгдсэн нэг зорилготой болсон үедээ л нэгдмэл болж чаддаг. Ингээгүй цагт дампуурдаггүй юмаа гэхэд янз бүрийн асуудалтай байнга учирч, байнгын “гал унтраах” ажилтай болно. 

 

-Үүрэг, мэдээлэл, эрх ашиг, ойлголт нь зөрчилддөггүй хувилбар онолын хувьд байж болох уу?

-Байгаа. Гэхдээ энэ хувилбарыг боловсруулж, хэрэгжүүлэхэд жаахан төвөгтэй. Маш олон хүчин зүйл нөлөөлдөг учраас төвөгтэй байгаа юм. Төвөгтэй ч гэсэн тийм хувилбараа бий болгохгүй бол зөрчилдөөн чинь байнга гарсаар л байна. Зөрчилдөөн байна гэдэг нь тухайн компанийг унах магадлал мөнхийн л дагаж байна гэсэн үг. 


ЧАМД АСУУДАЛ ҮҮСГЭСЭН СЭТГЭЛГЭЭ ЧИНЬ ХЭВЭЭРЭЭ ЦАГТ АСУУДАЛ ЧИНЬ БАЙСААР Л БАЙНА

-Тэгвэл зөрчилдөөн асуудал үүсгэдэг гэж ойлголоо. Байгууллагууд манайд нэг асуудал байна гэж ярьдаг шүү дээ. Тэр асуудлыг үүсгээд байгаа зөрчилдөөнийг илрүүлэх ямар арга байна вэ?

-Уламжлалт сэтгэлгээгээр байгууллага дээр асуудал үүсвэл асуудлыг хэн үүсгэв гэж буруутанг хайдаг. Тэрхүү буруутанг олж чадвал гэм буруугаа тохоод, буруутгаад өнгөрдөг. Гэтэл байгууллага дотор нь байгаа тэр асуудал эрт орой хэзээ нэгэн цагт дахиад л гараад ирдэг л дээ. Ийм учир шалтгааны холбоосыг алдарт Альберт Эйнштэйн “Чамд асуудал үүсгэсэн сэтгэлгээ чинь хэвээрээ байгаа цагт асуудал чинь хэвээрээ байна” гээд илэрхийлчихсэн байгаа юм. Японы эдийн засгийн гайхамшгийн эцэг гэгдэг Америкийн профессор Эдвард Деминг хэлсэн ийм нэгэн гайхалтай үг бий.

"Хэрвээ байгууллагын үйл ажиллагаанд алдаа дутагдал байгаа бол түүний 98 хувь нь тухайн систем буюу байгууллагын алдаа доголдол. Үлдсэн 2 хувь нь тэнд ажиллаж байгаа хүмүүст ногдоно" 

Үнэндээ асуудал үүсгээд байгаа зөрчил, доголдол  хаана байгааг мэдэх амар биш.

Тийм ч учраас хүмүүсийн ихэнх нь асуудал гарахаар юу, яагаад гэдгийг бодохгүйгээр, хариултыг нь олохгүйгээр асуудлаа яаж шийдэх вэ гэдэг асуултад л хариулах гээд яарчихдаг. Манай монголчуудын хамгийн нийтлэг дутагдал энэ. Юу гэдгээ, яагаад гэдгийг мэдэхгүйгээр яаж гэдэгт хариулах боломжгүй.

Юунаас асуудал үүсээд байгаагаа ойлгоогүй, шалтгаанаа олж чадаагүй хүмүүс аргаа бараад мэрэгч, төлөгч эсвэл ламд ханддаг. Энэ бол бидний  мунхаглал.  

Уг нь хүн өдөр тутамдаа хийдэг оюуны олон төрлийн үйлдлүүд бий. Тухайлбал, ямар нэгэн ажил бүтэлгүйтвэл бид эхлээд яагаад, юунаас болов гэж дотроо бодож эргэцүүлдэг, хэн нэгэнтэй асууж зөвлөдөг шүү дээ. Энэ бол аливаа асуудлын цаадах шалтгааныг олох оролдлого юм.Тэр шалтгааныг олох гэж оролдохдоо бид бүх хүчин зүйлүүдийг тооцохгүйгээр их л бодож 2 хувьсагчтайгаар/ хоер юмс эсвэл үзэгдлийг хэлж байна/ уялдаа холбоог тогтоож улмаар дүгнэлт хийдэг. Жишээлбэл заримдаа  замын түгжрэлд орчихоороо замын цагдаа ажлаа хийж чадахгүйгээс түгжрэл үүсч байна  гэдэг дүгнэлтийг хийдэг. Энэ бол дэндүү хялбаршуулсан, арга ядсан арга юм. Үнэндээ замын хөдөлгөөн хэт ачаалалтай болох, түгжрэл үүсгэх маш олон шалтгаан бий. Дүрмээ биелүүлдэггүй жолооч, замын халтиргаа, хүмүүсийн амиа бодсон сэтгэлгээ, байгаль цаг агаарын нөхцөл гээд нэрлэвэл нэлээн урт жагсаалт гарна. Өөрөөр хэлбэл маш олон хүчин зүйлүүдийн нийлмэл нөлөөллөөс тухайн асуудал үүсэж байгаа гэх ойлгож болно. Эдгээр хүчин зүйлүүдийг цэгцтэй, нэг бүрчлэн шинжилж байж л шалтгааныг баараггүй олж тогтоож болно. Ингэж баараггүй олж тогтоож чаддаг байхын тулд аливаа зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг  дээр дурьдсан 4 төрлийн зөрчлийг гарахааргүйгээр төлөвлөж байнгын ажиллагаатай тогтолцоо болгон зохион байгуулах шаардлагатай. 

Ерөөсөө өөрт нь асуудал үүсээд ирэхээр чухам юунаас болов гэсэн шалтгааныг олж чаддаггүй төдийгүй, энэ мэтээр өөрөөсөө бусад хүн, юмс үзэгдэл рүү буруугаа чихдэг нь манайхны сэтгэлгээний гол алдаа.

Уг нь тухайн хүн шууд буруугаа замын цагдаа руу түлхэхгүйгээр эхлээд өөрөөсөө шалтгаалж болох бүхнийг хийх бүх хувилбарыг бодох ёстой. Үүний дараа ч асуудал гарвал би юуг буруу хийв гэдгээ дүгнэж харах боломжтой. Өнөөдөр бидний монголчууд эсрэгээрээ өөрт нь асуудал тулгарах  л юм бол түүнээс , тэр хэнээс боллоо гэж бусад руу буруугаа чихэж байна. Юм л бол тэр улс төрчөөс эсвэл төр засгаас эсвэл бүр муу сайн Хятадуудаас боллоо гэх ч хүн байна. Бусад нь л буруутай, өөрөө болохоор арилгасан сонгино шиг өөгүй амьтан шиг аашилдаг. 

Уг нь бид асуудал яагаад гарчихав гэдэг дээр оношийг нь тодруулаад сурвал үнэлж баршгүй мэдлэгийг тархиндаа хийгээд байгаа хэрэг.

 

-Бид энэ байдлаас яаж гарах вэ?

-Эртний Грекчүүд хамгийн ухаантай хүнээ тодруулахаар болж л дээ. Тэд маргасаар эцэст нь гүн ухаантан Сократыг хамгийн ухаантай нь гэж хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ийм дүгнэлтийг Сократ өөрөө хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд уг дүгнэлтийг гаргасан хүмүүстэй очиж маргаан үүсгэсэн боловч өөрийгөө хамгийн ухаантай хүн мөн гэж өөрөө хүлээн зөвшөөрдөг тухай домогт өгүүлдэг. Хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн үндэслэл нь Сократ бүхнийг  мэддэггүй гэдгээ мэддэг гэдэг дүгнэлт. Гэтэл бусад нь өөрсдийгөө бүхнийг мэддэг гэдэгтээ бат итгэчихсэн байж. 

Яг үүн шиг бид нийгмээрээ ямар ч асуудлыг хэлэлцэхдээ өөрсдөө  бүхнийг мэддэг гэдэгт итгээд сэтгэлгээний хийрхэлд автчихсан. Ийм хийрхсэн хүмүүс айхтар үр дагавартай байж болох дүгнэлтүүдийг баруун солгойгүй, ямар ч дэс дараалал, судалгаа үндэслэлгүй хийдэг. Энэ нь эргээд өөрт нь  үргэлж асуудал үүсгэдэг. Хамгийн эмгэнэлтэй нь хүн өөрөө өөртөө асуудал үүсгэснээ мэдэхгүйгээр барахгүй өрөөл бусдад ч асуудал үүсгэж гай тарьдаг. Тиймээс монголчууд бид нэн түрүүнд бидэнд асуудал үүсгээд байгаа сэтгэлгээ буюу юу ч мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч мэдэхгүй зүйлүүдээ жагсаан бүртгэж сурмаар санагддаг. Хүн бүр шүү дээ.


ХЭН НЭГЭН УХААНТАЙ, ХҮЧТЭЙ ХҮН ИРЖ БИДНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГНӨ ГЭЖ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ

Саяхан жүүд эрдэмтэн, судлаач Харари гэдэг хүний бичсэн  “Хүн төрөлхтний товч түүх” гэдэг номыг уншлаа. Тэнд номын зохиогч эрдэмтэн маш сонирхолтой дүгнэлт хийжээ. XY-XYI зуунд европ тивийн улсуудад тэсрэлттэй дэвшилт гарсан байдаг. Шинэ тив, шинжлэх ухааны нээлтүүд, судалгаа шинжилгээний аргуудыг алдарт Дарвин, Ньютон болон бусад эрдэмтэн судлаачид нээсэн үе. Тухайн үед Европ тивийнхнийг ингэж үсрэнгүй дэвшилд хүргэсэн  гол шалтгаан нь юун  түрүүнд   тэд юу ч мэддэггүй гэдгээ  хүлээн зөвшөөрсөнд байсан юм гэж уг номонд өгүүлсэн байсан. 

Хүн хэрвээ дэвшиж хөгжиж өөдөө явъя л гэвэл хамгийн түрүүнд бүхнийг  мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой юм. Ингэсэн цагт мэддэггүй зүйлээ , мэдэх шаардлагатай зүйлээ мэдэж авна шүү дээ. Харин бүхнийг мэддэг царайлаад явбал нөгөө асуудал үүсгэсэн хуучин сэтгэлгээтэйгээ зууралдсан хэвээрээ л байна. Өнөөдрийн нийгмийн толгойны өвчин болсон асуудлууд ч үргэлжилсээр л байх болно.

Бид хэдий болтол 13 дугаар зуун, Чингис хаан, аархал, хийморь ярьж өөрсдийн сэтгэлээ зогоох юм бэ. Тэр цаг ард өнгөрсөн. Бид дэлхий нийт хаашаа явж байгааг тунгаах, дагах  цаг нь болсон. Дэлхий нийтээрээ өнөөдөр мэдлэг буюу түүний түүхий эд болсон дата/өгөгдөл рүү тэмүүлж байна. Өгөгдөл/дататай хүн алттай, нефтьтэй, зэвсэгтэй хүмүүсээс хүчтэй, хурдтай цаг үе ирчихлээ. Бидний өмнө тулгарсан асуудлуудыг үүсгэж байгаа суурь шалтгаануудыг судалж танин мэдэх замаар  тодорхойлж,  улмаар түүнийг өөрчлөхөөс наана өөр ямар нэг  албадлагаар эсвэл мөнгөөр тухайн асуудлуудыг шийдвэрлэх боломж үгүй. Эсвэл Чингис хаан шиг хэн нэгэн ухаантай, хүчтэй хүн ирж бидний асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг ч хүлээгээд хэрэггүй. Одоо бид ухаалгаар сэтгэлгээгээ өөрчилж, цэгцэлж байж л асуудлуудаа шийдэхээс өөр аргагүй.

 

-Юу ч бүтээсэн тэр нь бидний сэтгэлгээний үр  байх нь….? 

-Харин тиймээ. Сэтгэлгээний эцсийн үр дүн нь дүгнэлт юм. Чухам энэ  дүгнэлтэд үндэслэж юу хийхээ бид шийддэг. Тийм л учраас бид нийгмээрээ хамгийн түрүүнд сэтгэлгээний хэв маягаа өөрчилж цэгцтэй болгомоор байна. Чинээлэг хангалуун амьдрах, сайхан байшинд амьдрах, сайн мэргэжилтэн болох  гээд ямар ч зорилго тавьсан бай түүнийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд сэтгэлээ зас, цэгцэл. Өөр юу ч хэрэггүй. Цэгцтэй сэтгэлгээтэй байхад зорилгоо зөв тодорхойлж чадна, зорилгоо хэрэгжүүлэхэд учирч байгаа асуудлаа таньж чадна, асуудлын шалтгааныг оновчтой олоод харна, түүнийгээ засч залруулж чадна. 

Бидний хийж  байгаа бүх үйлдэл сэтгэлгээнээс л гардаг. Сэтгэлгээ ямар байхаас бүх зүйл шалтгаална.

Хэрэв сэтгэлгээ нь буруу бол дүгнэлтүүд буруу, улмаар үйлдлүүд нь буруу л байж таарна. Үүний нотлогоог холоос хайх хэрэггүй. Энэ Улаанбаатарын утаа, замын түгжээ, гудамжиндаа хаясан хогийг хэн бий болгож байгаа билээ? Үүнийг бид өөрсдөө л бий болгосон. Тэгчихээд тэр бүхнийг зохицуулж цэвэрлэдэг хүнтэй болохыг хүсээд байна. Ингэхгүйгээр хогоо хаядаггүй, уулзвар дээр улаан шар гэрлээр ухасхийдэггүй, урсгал сөрдөггүй, үхэх ядуурахаараа айлгадаггүй, өрөвдүүлэх гэж оролддоггүй сэтгэлгээнд суралцмаар байна. Дахин хэлэхэд нийгэмд байгаа энэ олон асуудлыг бид өөрсдөө л үүсгэсэн. Баахан хэрэлдэж, дөвчигнөж байгаад хэн нэгнээ төрийн албанд сонгочихоод дараа нь нөгөөхийгөө тараана, буулгана гээд хэн цамнадаг билээ?

 

-Дүгнэлт хийнэ гэдэг маш нарийн хариуцлагатай процесс байх нь ээ?

-Хүн аливаа  үйлдлийг хийх, үгийг хэлэхийн өмнө бүгдийг  бодож эргэцүүлсэн бодох ёстой. Үүний дараа л үгээ хэлж, үйлдлээ хийх учиртай. Бодно гэдэг тодорхой алгоритмын дагуу нарийн  дарааллаар явагддаг, өөрийн гэсэн дэг жаягтай хариуцлагатай үйлдэл.

Хэрэв дүгнэлт буруу бол дараагийн хийх үйлдэл нь буруудна. Иймд алдаагүй дүгнэлтийг хийдэг болохын тулд эхлээд хүн оюун санаандаа аливаа ойлголтын  оновчтой загварыг бий болгосон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэлж, ашиглаж байгаа үг бүрийн утга, хэв шинжийг сайтар мэддэг болсон гэсэн үг. Та ямар нэг зорилго тавихдаа түүнийгээ үгээр илэрхийлж томьёолдог. Эдгээр үгс буюу ойлголтуудын нийлмэл хэв шинж нь таны зорилгын илэрхийлэл юм. Энэ зорилгын илэрхийлэл нь тодорхойгүй, олон утгатай бол заавал зөрчилдөөн үүсгэнэ.Тийм учраас хүмүүс зорьж тэмүүлсэн зүйл нь бүтэлгүйтчихээр би буруу хийчихэж гэдэг. Буруу хийснээ мэдэж байгаа нь сайн хэрэг, гэтэл  зөв хийх загвар нь байхгүйд хамаг учир бий. Өгөгдөл,  мэдээлэл, боловсруулах үйл ажиллагааг дүгнэлт гаргах  гэдэг. Нүдээрээ, чихээрээ, бусад  мэдрэх эрхтэнээрээ хүн секунд тутамд 11 сая тэмдэгт хүлээж авдаг гэсэн мэдээлэл олж уншсан. Энэ бүх мэдээллийг тархи боловсруулдаг. Үр дүнд нь тухайн нэг зүйлийн талаар ойлголт үүсч,  дараа нь мэдээллээ боловсруулж мэдээлэл хоорондын уялдаа холбоог олж тогтоосноор яагаад гэдэг асуултад хариулт болох дүгнэлтийг хийх боломж бүрддэг. 

Гэхдээ харсан, сонссон болгон чинь бодиттой , үнэн өгөгдөл гэсэн үг биш. Нийгмийн сүлжээгээр гарсан мэдээ бүхэн үнэн байдаггүй шиг. Үүнийг шалгаж нягтлах ёстой. Тэгэхгүй бол буруу мэдээлэл буруу мэдлэг болж , улмаар буруу шийдвэр гаргахад нөлөөлж асуудал үүсгэдэг. Үүнээс харвал  ирээдүйд аль болох цөөн асуудалтай  байя л гэвэл үнэн, бодитой  өгөгдөл  цуглуулах хэрэгтэй нь харагдана. Дараа нь тодорхой арга, аргачлалаар өгөгдлөө боловсруулах ёстой. Буруу боловсруулвал бас дахиад л өнөөх  асуудал үүснэ.Тэгвэл та өгөгдлөө  цуглуулж боловсруулж чадаж байна уу гэж өөрөөсөө нэг асуу. Дараа нь үүнийгээ өөрөө үнэлж, сорьж үзэх  хэрэгтэй. 

Чадахгүй бол дахиад л асуудалтай тулгарна. Энэ алхам бүрийг  хэрэглэхэд хялбар, ойлгомжтой аргачлалын хэлбэрт оруулсныг бид ЦЭГЦТЭЙ СЭТГЭЛГЭЭ гэж нэрлээд байгаа юм. Цэгцтэй сэтгэлгээгээр аливаа зорилгоо төлөвлөөд хэрэгжүүлээд явбал  ирээдүйд гарч болзошгүй асуудал, бэрхшээлүүдийн тоо  багасна. Ингэснээр та зорилгоо баттай биелүүлж чаддаг болно гэсэн үг. . 

Дүгнэлт хийх нь ийм төвөгтэй учраас ихэнхи тохиолдолд хүмүүс оюун ухаандаа тунгааж үздэггүй, шийдвэрүүдээ яаруу, сандруу гаргаснаар өөртөө болон өрөөлд олон асуудлуудыг бий болгоод байгаа юм. 

 

-Цэгцтэй сэтгэлгээ, системийн шийдэл хоёр ямар холбоотой юм бэ?  Эдгээрийг ашигласнаар  баг хамт олон, гэр бүлд асуудал огт гарахгүй байж болох уу?

-Аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд асуудал заавал гарна. Учир нь хүн бүх зүйлийг таньж мэдээд огт алдаагүй шийдвэр гаргана гэдэг нь одоохондоо боломжгүй зүйл. 

Тэгэхээр алдаа гарч, асуудалтай тулгарахад үргэлжийн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө танин мэдэх боломжийг хэмжээ хязгаартайг, хүн төгс төгөлдөр бус гэдгээ л хүлээн зөвшөөрөх явдал юм. 

Хамгийн цэгцтэй сэтгэлгээ ч таныг алдаа гаргахаас баталгаатай хамгаалж чадахгүй. Харин аливаа зорилгыг тодорхойлох, төлөвлөхдөө цэгцтэй сэтгэлгээгээр хандаж, хэрэгжүүлж чадвал уг зорилгыг хэрэгжүүлэхэд тулгарах ямар ч асуудлыг, түүнийг үүсгэж байгаа суурь шалтгааных нь хамт ямар ч алдаа мадаггүй, шуурхай тогтоох боломжтой болж байгаа юм. 


АЛДААГАА ДАВУУ ТАЛ БОЛГОХ,  АМЖИЛТ РУУ МАЦАХАД ТУСЛАХ НАЙДВАРТАЙ АРГА НЬ СИСТЕМИЙН ШИЙДЭЛ

 

Нэгэнт суурь шалтгааныг алдаа мадаггүй мэдэж байгаа бол түүнийг засаж залруулах аргыг алдаагүй олж чадна. Олон хүн оролцож байж том зорилго бүтдэг. Тэгэхээр тэр олон хүнийг нэг зорилго руу цэгцтэй сэтгэлгээгээр хандуулах шийдэл хэрэгтэй. Үүнийг бид СИСТЕМИЙН ШИЙДЭЛ гэж нэрлэсэн.

Энэ шийдлийн гол давуу тал нь зорилгыг хэрэгжүүлэхээр танай хамт олон, багийн хийж байгаа үйлдэл болгоныг хооронд нь логик уялдаатайгаар нэгдсэн алгоритмд оруулаад, гүйцэтгэл болон үр дүнг нь тухай бүр бүртгэдэг дата өгөгдлүүд, хэмжүүрүүдийг бий болгосонд оршиж байгаа юм. Тэр өгөгдлүүдээ  байнга бүртгэж, түүнийгээ ашиглан гүйцэтгэл, үр дүнгээ хэмжээд сурчихвал чухам юун дээр алдаад байгаагаа мэдээд авчихаж болдог.

Үүнийг мэдээд авчихна гэдэг маш чухал. Яагаад гэвэл чухам юуг мэдэхгүй байна вэ гэдгээ мэдээд авчихсан учраас. Ингэхээр дараагийн зорилго нь мэдэхгүй байгаа зүйлээ мэдэж авах болно. Үүнийг хэрэгжүүлсэнээр алдаагаа засах боломжтой төдийгүй дахин гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Ийм мэдлэг нь хичнээн чухал болохыг тодотгосон  нэг сонирхолтой жишээ бий л дээ. Нэгэн усан боомтод томоохон тээврийн усан онгоц гэнэт асахаа больчихдог. Онгоцны инженер, мэргэжилтнүүд бүгд оролдож үзээд ч барсангүй. Аргаа бараад боомтын өвгөн засварчинг дууддаг. Өвгөн онгоцыг тойрч маш нягт нямбай үзэж байгаад эцэст нь алх гаргаж ирээд моторын хэсэг дээр алхаараа ганц цохиод л асаачихаж гэнэ. Харин явахдаа 10.000$ нэхэмжлэх бичжээ. Төлбөрөө харсан усан онгоцны эзэн “Өвгөн гуай та зөвхөн алх гаргаж ирээд ганц цохисон шүү дээ. Өөр ажил хийгээгүй. Төлбөрөө та арай өндөр бичсэн гэж бодохгүй байна уу” гэж асууж л дээ. Өвгөн өмнөөс нь 9999 доллар нь зөвхөн оношилсоных, үлдсэн нь үйлчилгээний хөлс гэж хэлсэн байдаг.  

Үүнтэй адилхан хэрэв хүн өвдлөө гэхэд онош нь олдохгүй бол маш их цаг алдана. Тэр үед ямар ч мундаг эмч байгаад ч нэмэргүй, оношлогоо харж эмчилгээ бичих учраас. Аль ч оношлогоо гэдэг олон, дэс дараалалтай үйлдлүүдээс бүрддэг бүхэл бүтэн тогтолцоо юм. Энэ тогтолцоог бий болгох  арга нь системийн шийдэл. Үүнийг гэр бүлд, спортын баг, ТББ, төрийн байгууллагад ч хэрэглэж болно. Бид хэсэг бүлэг хүмүүс нэгдмэл зорилго дор үйл ажиллагаа явуулахыг гэр бүл, баг, компани гэж янз бүрээр нэрлээд байгаа болохоос тэд бүгд тогтолцооны нийтлэг хэв шинжүүдийг агуулж байгаа юм.

Ийм оюуны шийдэлтэй хүн адилхан, ижил төстэй  алдаануудыг давтаж  гаргахгүй. Тогтолцооны загварын гол давуу тал нь энэ. Гаргасан алдаагаа бид сайн оношлоод, түүнээсээ суралцаж, сургамж авах замаар давуу тал болгоод, цаашаа найдвартай гишгэж болох бат найдвартай гишгүүр болгох л чухал. Ингэж байж л дараагийн шат руу гарна. 

Энэ болгоныг хийх боломжтойгоор бүх үйл ажиллагааг нэгдмэл цогц болгохыг л тогтолцоо буюу систем гээд байгаа юм. 

 

- Байгууллагууд дээр цэгцтэй сэтгэлгээний давуу талуудыг  ойлгуулахад учирдаг хамгийн хэцүү  зүйл нь юу вэ?

- Янз бүр л дээ. Олон жилээр тухайн салбартаа ажилласан, тодорхой байр суурьтай болчихсон компаниудад “Бид бүхнийг хийж сурчихсан, бүгдийг мэднэ” гэдэг сэтгэлгээ давамгайлсан байдаг. Тэр тогтсон сэтгэлгээ нь тэднийг чөдөрлөдөг. Гол нь үүнийгээ мэддэггүй. Бид бүхнийг мэддэг учраас салбартаа манлайлж явна гээд тайвширчихсан хүмүүс. Тэдний энэ сэтгэлгээг өөрчлөх маш хэцүү. 

Бас гадаад, дотоод орчин өөрчлөгдөөд байгааг мэдэрчихсэн, бас түүнд дасан зохицох хэрэгцээ шаардлагаа мэдчихсэн нөгөө хэсэг бүлэг байна. Эдгээр бүлэгтэй харьцахад арай хялбар боловч тэд гадаадын бэлэн шийдлийг шууд copy past хийх замаар өөрийнхөө асуудлуудаа шийдэхийг илүүтэйд үздэг. Энгийнээр хэлбэл, бэлэнчилэх сэтгэлгээ. Энэ арга нь Монголын нөхцөлд нийцэхгүй учраас тийм бэлэн шийдлийг хуулбарлаж, хэрэглэснээр асуудлаа шийдэж чадахгүйгээр барахгүй өөр асуудлуудыг нэмж бий болгоод байгаа юм. 

Тэгэх ёстой, ингэх ёстой гэж ярьдаг ажилтнуудтай байгууллагууд нилээд таардаг. Уг нь “Ёстой” гэдэг үгийг тун болгоомжтой хэрэглүүштэй. Учир нь тэр олон “ёстойнууд” нь хоорондоо зөрчилддөг. Ийм зөрчилдөөн гарахааргүй байх шийдлийг олчихсон үедээ л энэ үгийг хэрэглэмээр байгаа юм. Энэ сэтгэлгээний хэв шинжийг ерөнхийлөх сэтгэлгээ гэдэг ангилалд хамруулж болно. Нарийн ширийн эрэг шураг руугаа орохгүй байгаа гэсэн үг. 

 

-Компаниуд ажилтандаа өөрсдийн зорилгоо цэгцтэйгээр ойлгуулна гэж амаргүй ажил бий…?

-Ойлголтын зөрүүгээ тайлж, ойлголтуудаа нэгтгэдэггүйгээс асуудал олонтаа үүсдэг. Тухайлбал, компанийн зорилгыг бүх ажилтандаа ойлгуулна, хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг төвөгтэй процесс. Манай ихэнх дарга удирдлагууд үүнээс төвөгшөөгөөд өөрөө загвар гаргачихдаг. Тэр загвар нь голдуу барууны эсвэл Монголдоо алдартай амжилттай явж байгаа компаниудын зорилгын томьёоллын copy paste хувилбар байх жишээтэй. 

Энэ компани амжилттай яваа юм чинь манайх ч гэсэн урагшилж таарна гэсэн гэнэн итгэл найдвартайгаар сонгож байгаа юм уу даа. Мэдээж бусдын туршлага чухал. Гэхдээ ингэж дуурайх нь ирээдүйд компани нь амжилттай байна гэсэн баталгаа  биш шүү дээ. Үүний оронд тэдгээр амжилттай яваа компанийн амжилтын дүр төрхөөс нь илүү тэд яаж бүтэлгүйтэж, алдаж байсныг судлах нь илүү үр дүнтэй. 

Яагаад гэвэл амжилт гэдэг зөвхөн нүдэнд харагддаг гоё хэсэг. Амжилтанд  хүрнэ гэдэг тэр чигээрээ алдаа, бүтэлгүйтэл, нойргүй шөнүүд, асуудлуудыг багтаасан хүнд хэцүү, няхуур хөдөлмөр юм. 

Амжилттай яваа хүмүүс бол  огт алдаа гаргадаггүй биш, харин гаргасан алдаагаа залруулж амжилт болгож чаддаг хүмүүс  юм. 

Алдаагаа давуу тал болгох, зорилгоо биелүүлэхэд учирч байгаа асуудлуудаа тухай бүр шинжилж, танин мэдэх замаар түүнийг дараагийн өндөрлөг өөд мацахад туслах найдвартай арга нь системийн шийдэл мөн. 

 

-Зарим захирлууд манайх асуудалгүй гэж хэлдэг. Үнэхээр асуудалгүй эсэхээ баталгаатай, нотолгоотой мэдэх арга бий юу? 

-Бас нэг жишээгээр тайлбарлана. Хүн өвдөж чилээрхвэл эмнэлэгт ханддаг. Эхлээд шинжилгээ хийлгэнэ. Үүний дараа эмч онош тавьдаг. Оношилно гэдэг хүний биеийн хэвийн эсэхийг хэмждэг 100 гаруй үзүүлэлттэй шинжилгээний хариу буюу өгөгдлүүдийг ашиглан эмч оношлогоо  хийж байна гэсэн үг. Өвдөж хавдаагүй ч гэсэн эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэдэг хүмүүс бий шүү дээ. Тэд ч гэсэн дээрхи замаар шинжилгээ хийлгээд л миний эрүүл мэнд хэвийн гэсэн дүгнэлтийг алдаа мадаггүй хийлгэдэг. Яг энэ зарчмаар байгууллагууд явах учиртай болчихоод байна. 

Уламжлалт менежментийн аргаар байгууллагын эрүүл мэндийн иж бүрэн оношлогоог хийх боломжгүй.

Жишээлбэл, компани дээр тухайн ажилтнуудын үүргээ биелүүлж байгаа эсэхийг яв цав, тухай бүр нь хэмждэг хэмжүүр, эрүүл байгууллагын загвар алга. Байгаа хэдэн хэмжүүр нь санхүүгийн итгэлцүүр эсвэл KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт. Эдгээр үзүүлэлтүүд нь байгууллагын салаа мөчир бүрийн гүйцэтгэлийг шуурхай, яв цав хэмжиж чаддаггүй, хоорондоо уялдаагүй, үзэмжийн, байгууллагыг бүхэлд нь илэрхийлж чаддаггүй гээд олон сул талтай. Гэтэл тухайн байгууллагын ажилтны гүйцэтгэлийг санхүү мөнгөөр хэмжих боломжгүй. KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт гэхэд жилдээ эсвэл улиралдаа нэг удаа хэмжилт хийдэг нь дэндүү дутагдалтай. Хүн өвдөөд сарын дараа шинжилгээ өгвөл өвчин үүсгэгч нь дарагдсан эсвэл тэр шалтгаанаас болоод бүр хүндээр өвдөж ч болно. Хэрэв тухайн цагт мөчид эмнэлэгт хандвал шуурхай оношлуулж, оновчтой  эмчлүүлэх боломж нь өндөр. 

Үүн шиг компанийн асуудлыг алгуурлахгүйгээр тэр дор нь шийдэх ёстой. Бүр real time-аар тухайн цаг мөч болгонд шүү. 

Тэгэхгүй бол үүнээс болж үүссэн асуудал нь ужгарч, улмаар сэхээний тасагт ордог өвчтөнтэй адил нөхцөлд орж болзошгүй.

 

-Системийн загвар гэж чухам юуг хэлээд байна вэ? 

-За байшинтай зүйрлэж үзье. Байшин барихаасаа өмнө хүн тухайн байшингийнхаа дүр төрхийг оюун санаандаа дүрсэлж, өөрөө эсвэл бусдаар цаасан дээр зургийг нь буулгаж нэмэлт  шийдлүүдээ оруулдаг биз дээ. Энэ бол байшин барихад хэрэгтэй оюуны загвар юм. Дараа нь энэ загвар болон уг байшинг ашиглах явцад бий болсон өгөгдлүүдээ ашиглаад байнгын сайжруулалтыг хийдэг. Тэгвэл та байгууллага удирдахад уг байгууллагынхаа оюуны загварыг биш юм гэхэд ядаж ерөнхий дүр төрх, учир шалтгааны холбоосыг нь уламжлалт менежментийн аргаар зураглан гаргаж чадах уу?  

 

-Юу л бол... Шулуухан хэлэхэд боломжгүй дээ?

-Хэрэв системийн загварыг ашиглавал та үүнийг хийж чадна. Системийн загварын давуу тал нь байгууллагын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд хоорондоо маш сайн уялдаатай, тэрхүү уялдаа болгон хэмжих нэгжтэй учраас хэрэглэхэд ойлгомжтой байдаг. 

Хэмжүүрийн нэгжээр өдөр болгон гүйцэтгэлийг бүтнээр нь хэмжиж болно. Хүсвэл цаг тутамд ч хянаж хэмжих боломжтой. Тэр байтугай чухам хаана доголдож байгааг ч тодорхойлж чадна. Тэгээд гарсан алдаа болгоноо засаж залруулаад байвал систем өөрөө хөгжөөд л явна. 

 

-Байгууллагууд удирдлагууд үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Нэг үеэ бодвол хүмүүс системийн загварыг сонирхдог болсон нь мэдрэгдэж байна.

Хамгийн хүндрэлтэй нь гэвэл тухайн байгууллагын дарга, удирдлагын багийн гишүүдийн хуучирсан хэвшмэл ойлголт юм. Хэвшмэл ойлголттой хүмүүс өдийг хүртэл амжилттай явж ирлээ, энэ аргаараа явна, миний зөв гэж зүтгэдэг, манайд ямар ч сургалт хэрэггүй гэж үздэг. Хэрэв манай нэг удаа сургалтад суучихвал “Нээрээ тийм юм байна” гэдэг юм. Тийм учраас бид байгууллагуудад эхлээд оношлогоогоо хийлгэчих гэдэг юм. Гарсан дүнг нь хараад цаашаа үйлчилгээ авах эсэх тэдний хэрэг. 

 

-Босоо тогтолцоо буюу дарга төвтэй сэтгэлгээ байгууллагуудын сул тал хэр анзаарагддаг вэ?

-Нэг хүн л даргалдаг тогтолцоо монголчуудын яс маханд суучихсан. Тэр нь эзэн Чингис хааны үеэс эхлээд дараа нь Манжийн төр, коммунизмын үед ч бидний сэтгэлгээнд сууж хэвшчихсэн юм байна гэж боддог. Харин одооноос л ондоо өнцөгөөс харж байна. Боломж нь ч энэ цаг үед гарч ирсэн. Гэвч тэр хуучин сэтгэлгээний энерци одоо ч үйлчилж, миний үеийнхэн тэр сэтгэлгээг дараагийн үедээ өвлүүлэх гээд байгаа нь анзаарагддаг. 

Дэлхий нийтийн чиг хандлагыг харвал төвлөрсөн нэг төвтэй бүтэц үеэ өнгөрөөчихлөө. Харин үүнийг хэрэглэсээр байгаа компаниуд том асуудалтай болчихсон. Үүний оронд төвлөрсөн бус, эрх мэдлийн жигд тархалттай, өөрөө өөрийгөө хянадаг, дархлаагаа тогтоодог бүтэц маш хурдтайгаар нэвтэрч байна. Зорилгыг хэрэгжүүлэх үйл явцад оролцогч болгон үүрэг хүлээж, үйл ажиллагаанд оролцохыг шаарддаг нь шинэ бүтцийн ялгарах гол шинж юм. Нэг нь дарга гээд суучихсан үүрэг хүлээдэггүй, баахан зарлиг буулгадаг эсвэл ажилтныхаа өмнүүр ороод байдаггүй гэсэн үг дээ. Энэ хувилбараар бүгд үүрэг хүлээдэг, тэрхүү үүрэг нь хоорондоо зөрчилддөггүй, бас давхцдаггүй.

Одоогийн аль ч байгууллагуудад  дарга биш манлайлагч дутагдаж байна. Энэ хоёр бол тэс ондоо зүйл. Дарга бол хуучин коммунизмын үеэс өвлөж ирсэн арга барилаар юу хийхийг хэлж зааж өгдөг. Манлайлагч бол аливаа зорилгын хэрэгжилтэнд учирч болзошгүй болон учирч байгаа саад, бэрхшээл, асуудлуудыг цаг алдалгүй танин мэдэж, түүнийг даван туулах шийдвэрлэх, хэрэгжүүлэх ажлуудыг багтайгаа хамтран гүйцэтгэдэг. 

 

 

-Хатуу диктатур дээр тогтооно гэж ярьдаг хүмүүс байдаг. Диктатур, дэг журам хоёрын  ялгааг байгууллага дээр хэрхэн ойлгуулах вэ?

-Энэ хоёр тусдаа ойлголт, шал ондоо ойлголт шүү. Дэг журам бол тодорхой нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй байх ёстой хэрэгсэл. Бүх хүнийг үүрэгжүүлж байгаа хэлбэр юм. Диктатур бол зөвхөн тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө бусдыг албадаж байгаа хэлбэр. Нэг ерөнхийлөгчийн төлөө эсвэл нэг үзэл суртлын төлөө гэдэг ч юм уу... Үүнийг хольж ойлгодогоос болоод дэг журам гэхээр хатуу диктатур гэж ойлгоод “Монголд хатуу гар хэрэгтэй байна” гэж ярьдаг. Чингис хаан шиг эсвэл Назарбаев, Путин шиг удирдагч хэрэгтэй байна гэж ярьж байна. Бидэнд диктатур хэрэггүй, бидэнд дэг журам л хэрэгтэй. 

 

-Улс дамжсан томоохон корпорациуд ямар журмаар ажилладаг вэ? Олон улсын хандлага хаашаа чиглэж байна вэ?

-Олон улсын хандлага огцом өөрчлөгдөж байна. Үүнийг сүүлийн 10-15 жилд дэлхийн хөрөнгийн биржүүд дээр хүч түрэн гарч ирж байгаа компаниудаас харж болно. Тэд хэдэн зуун жилийн настай уул уурхай, машин үйлдвэрлэгч компаниудын хажууд илт хурдан өсч өндийсөн. Ердөө 2-3 жилийн дотор хэдэн сая хэрэглэгчтэй болж байна. 

Энэ технологийн компаниудын бүтцийг харвал дандаа системийн загвар дээр суурилсан байгаа юм. Google, Microsoft, Amazon, Alibaba гээд дэлхийн хамгийн том 10 компанийн 8 нь технологийнх. Технологи гэдэг бол тэр чигээрээ мэдлэг. Мэдлэг бол цэгцтэй сэтгэлгээ, систем юм. Хажууханд зэрэгцээд ийм өөрчлөлтүүд болоод байхад бид харамсалтай нь Оюутолгой, Таван толгойгоо, Чингис хэмээх агуу хүний үр сад болох тухайгаа ярьсаар л… 

Бид мэдлэгийн тухай ярьмаар байна. Энд мэдлэг гэдгийг MIT, Кембрижэд сурах утгаар нь биш зөвхөн сэтгэлгээгээ цэгцтэй болгох, хүн дор бүрнээ танин мэдэх аргад суралцах тухай  хэлж байна. Цэгцтэй сэтгэлгээтэй болохын тулд өмнө хэлсэнчилэн, юу ч мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч, юу мэдэхгүйгээ мэдэж авах хэрэгтэй. Ингэсэн цагт гэр бүл, байгууллага, нийгмийн хүрээнд хөгжил дэвшил өөрөө гараад ирнэ. 

Хэн нэгний хатуу гар хэрэгтэй гээд хүлээгээд суувал бидний тархи ажиллахгүй, хөгжихгүй. 

 

-Хамгийн сүүлийн асуулт. Хүн юм мэддэггүй гэдгээ яаж мэдэж авах вэ?

-Маш энгийн, өртөг багатай нэг арга бий. Хүн болгон өөрийн зорилготой шүү дээ. Тэр зорилгоо цөөн хэдэн үгэнд багтаагаад томьёолоод цаасан дээр эсвэл самбар дээр бичээрэй. Дараа нь тэр томьёололд орсон үг болгоны утгыг тайлбарлаж бичих хэрэгтэй. Жишээ нь, ажил гэдэг үг орсон бол энэ үгийг өөрийнхөө мэддэгээр томъёолж бич. 

Хэрвээ 30 секундын дотор томьёолж бичиж чадахгүй бол тухайн хүн тэр ойлголтоо мэддэггүй гэсэн үг. Ингээд л мэддэггүй нэг ойлголтоо мэдээд авчихна гэсэн үг. Маш хялбархан арга. Арай хүндрүүлсэн түвшний нэг тест бий. Ажил хийх гээд 2 үгийг тус тусад нь тайлбарлаарай. Дараа нь ажил хийх гэдэг үгийг энэ 2 үгийг нь оролцуулахгүйгээр 60 секундын дотор томьёолж бичээрэй. Хэрэв энэ хугацаанд багтааж бичиж чадахгүй, эргэлзээд бодоод байвал тэр хүн ажил хийнэ гэсэн 2 үгийг холбож хэлж чадахаас биш оюун санаанд нь ажил хийх тухай мэдлэг байхгүй гэдгээ мэдээд авчихаж болно. Харин дээрхи хугацаанд амжаад биччихвэл ямар нэгэн байдлаар урьд нь энэ талаар бодож эргэцүүлээд үзчихсэн гэсэн үг. Магадгүй амьдрал дээрээ хэрэглээд, туршаад, үзчихсэн байж ч болох юм.




Сүүлд нэмэгдсэн

"Учир шалтгааны ухаан ба амьдрал" ном хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2019/02/25

"Учир шалтгааны ухаан ба амьдрал" ном хэвлэгдэн гарлаа

Дэлгэрэнгүй
2.jpg

Нийтэлсэн: 2019/01/04

Мэдлэг сэтгэлгээгээ цэгцлэхээс эхэлнэ

Өөрөөсөө бусад хүн, юмс үзэгдэл рүү буруугаа чихдэг нь манайхны сэтгэлгээний гол алдаа

Дэлгэрэнгүй
jagaa_zhahiral.original45.jpg

Нийтэлсэн: 2018/12/07

"Үндэсний баялаг" ном эх хувиараа хэвлэгдэн олны хүртээл боллоо

Үндэсний баялаг номын танилцуулга өдөрлөг

Дэлгэрэнгүй