Д.Жаргалсайхан: Амьдралынхаа утга учрыг мөнгөөр хэмжсэн нь Монголчуудын алдаа

aldaa.jpg

2018/06/20

Сэтгэлгээг цэгцлэх хэрэгцээ, шаардлагын талаарх "TUSS солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийсэн ярилцлага маань уншигчдын сонирхлыг татсан билээ. Тиймээс уг сэдвийг нарийвчлан задалж цувралаар хүргэхээр тогтож байна. Энэ удаа бид ярилцлагаа “хэмжүүр” хэмээх сэдвээр хийснээ толилуулъя.

-Хэмжүүр гэж юу гэдэг үндсэн сэдвээрээ асуултаа эхэлье?

-Уг нь хэмжүүр гэдэг бол тийм гүн гүнзгий, философийн олон онолуудын адил ойлгож хэрэглэхэд төвөгтэй ойлголт биш. Зүгээр л байнга өөрчлөгдөж байгаа орчинд хүн дасан зохицож амьд явах, амьдрахын тулд тэрхүү өөрчлөлтүүдийг байнга танин мэдэж байх хэрэгцээ шаардлагаас бий болсон, бид алхам тутамдаа хэрэглэдэг энгийн ойлголтуудын нэг юм. Амьдралд нь асуудал үүсэхээр бурууг, шалтгааныг нь бусад руу чихчихээд, асуудлуудаа шийдэж чадахгүй бухимдал дүүрэн амьдарч байгаад учир бий. Энэ бүхэн бидний сэтгэлгээний доголдлуудаас, түүний дотор хэмжүүр хэмээх ойлголтыг сайн таньж мэдээгүй, бас хэрэглээгүйгээс үүдэлтэй.

Хүн хоёр төрлийн өөрчлөлтийг байнга хэмжиж байдаг. Эхнийх нь цаг агаар, замын бөглөө, агаарын бохирдол гээд гадна орчны өөрчлөлтийг хэмжих юм. Үүнийг ажиглах, бүртгэх, хэмжих гээд хүн боломжийн хийж чаддаг. Гэтэл бидний гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй гэж ярьдаг ойлголт олон бий. Жишээлбэл, ажил, үүрэг, мэдлэг, амьдрал, үйл ажиллагаа зэрэг хийсвэр ойлголтуудыг хэмжих гэхээрээ бөөн асуудалтай тулгардаг.

-Хэмжих хэрэгцээг энгийнээр тайлбарлавал?

-Та өөрийгөө гудамжинд алхаж яваад гэнэт юм харахаа больчихлоо гэж төсөөл дөө. Тэгвэл яах вэ? Мэдээж цаашаа нэг ч алхам хийхэд бэрх болох учраас эхлээд гараараа тэмтэрнэ. Энэ бол орчин тойрноо мэдрэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах үүрэгтэй эрхтэн нь доголдон өөр нэг эрхтнээрээ мэдээлэл цуглуулах гэж оролдож байгаа хэлбэр юм. Хэрэв ийм мэдээлэл байхгүй бол замд байгаа шонгийн модыг ч мөргөж, нүхэнд ч унаж мэднэ. Шонгийн модыг мөргөхгүй эсвэл нүхэнд унахгүй байхын тулд зөвхөн мэдээлэлтэй байх нь бас хангалттай биш. Учир нь тэр мэдээллийг ашиглаад шонгийн мод эсвэл нүх ойртож эсвэл холдож байгаа эсэхийг ойлгоход шаардлагатай өөрчлөлтийг хэмжих хэрэгтэй. Энэ зорилгоор хэрэглэгддэг ойлголт бол хэмжүүр юм.

Өөрөөр хэлбэл хүн алхах тусам ойртож буй тэр шон эсвэл нүхний тухай мэдээллийг тэр хүний нүд цуглуулж, түүнийг нь тархи ашиглан өөрчлөлтийг хэмжиж байгаа хэрэг. Бүр алхам тутамд шүү. Хэрэв энэ хэмжилт буруу бол шон мөргөн эсвэл нүхэнд унана. Жишээ болгон авч байгаа энэ тохиолдолд орон зайнд гарсан өөрчлөлтийг км юм уу метрээр хэмждэг. Учир нь энэ нэгж нь тухайн хэв шинжид тохирсон хэмжүүрийн нэгж юм.

Зайг кг-аар, халуун хүйтнийг метрээр хэмжиж болдоггүй. Ийм учраас л бидэнд бодитой, оновчтой, цаг үеэ олсон хэмжүүр, хэмжих нэгж хэрэгтэй.

-Нийгэм, байгууллага, гэр бүлийн хүрээнд оновчтой, тохирсон хэмжүүрүүдийг бид хэрэглэж чадаж байна уу?

-Ихэнх тохиолдолд чадахгүй байна. Нийгмийн хөгжил гэдэг түүнийг бүрдүүлж байгаа иргэдийн өдөр тутмын амьдралд бий болсон эерэг өөрчлөлтөөр дамжин илэрч байх учиртай. Нийгмээ хөгжүүлье гэсэн хэнбугай ч байсан эдгээр өөрчлөлтүүдийг оновчтой, алдаагүй хэмжих ёстой. Гэвч өнөөдөр энэ өөрчлөлтийг хэмжихэд албан ёсоор хэрэглэгдэж буй ганц хэмжүүр нь дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ / л байна. Дээр нь төсвийн орлого. Би саяхан нэг эмнэлэгт очиж урьдчилан сэргийлэх иж бүрэн шинжилгээг хийлгэлээ. Хариуг нь надад хэвлэж өгсөн. Шинжилгээний хариунд хүний биеийн ерөнхий төлөв байдлыг таньж мэдэхийн тулд 100 гаруй тоон үзүүлэлтүүдийг ашиглажээ. Хэрвээ ямар нэг өвчин эмгэг гарвал түүгээр ч барахгүй олон тоон үзүүлэлтүүд нэмж хэрэгтэй болох нь гарцаагүй. Тэгвэл ДНБ болон төсөвт хэдэн төгрөг цуглуулснаа хэмжих замаар бидний, иргэдийн аз жаргал, зовлон зүдгүүрийг хэмжиж болох уу?

-Мэдээж боломжгүй...?

-Тэгэхээр л энэ нийгэм өөртөө тулгарч байгаа асуудлуудыг танин мэдэх, цаашлаад өөрийгөө дэвшил өөдөө хөтөлсөн зорилго, бодлогоо боловсруулахад оновчтой хэмжүүрүүд дутагдаад байна гэдэг дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм. Ийм хэмжүүрүүдийг бий болгох оролдлогууд, санаачилгууд төрийн болон иргэдийн зүгээс сүүлийн үед гарч байгаа нь нийгмийн сэтгэлгээнд гарч байгаа их эерэг өөрчлөлт гэж боддог. Гэсэн хэдий боловч тэр хэмжүүрүүдийг тууштай хэрэглэж, ашигладаг болох тал дээр маш чамлалттай санагддаг. Ядаж л жил бүрийн улсын төсөв, нийгэм эдийн засгийн зорилтуудыг төлөвлөх, тайлагнах, Засгийн газар, улс төрийн намуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх дүгнэхэд хоорондоо уялдаатай, бүгд хүлээн зөвшөөрсөн, шуурхай, олон талт хэмжүүрүүдийг байнга хэрэглэж заншмаар байгаа юм. Байгууллагууд ч ялгаагүй. Санхүүгийн хэдэн илтгэлцүүрүүд, KPI гээд л хэдхэн хэмжүүрүүдтэй. Тэдгээрийгээ ашиглаад өөртөө тулгарч буй асуудлуудынхаа суурь шалтгаануудыг олж тогтоож дийлэхгүй л байна.

-Тэгвэл дүгнэлт хийх болгонд хэмжүүр хэрэглэнэ гэсэн үг үү?

-Тийм л дээ. Дээр авсан жишээн дээр хүн зүгээр л нэг жирийн алхам хийхдээ хэмжилтийг зайлшгүй хийдэг тухай ярилцсан. Тэгвэл одоо арай өөр жишээ авъя. Саяхан Ерөнхий сайд байсан 2 ч хүнийг Монгол улсад ашиггүй гэрээ байгуулсан, бусдад давуутай байдал олгосон байж болзошгүй гэдэг үндэслэлээр баривчилж саатууллаа. Тэгвэл тэдгээр эрхмүүдийг баривчилсан нь хэр үндэслэлтэй вэ гэдэг дүгнэлтийг хийхийн тулд Монгол улс гэж бид юуг ойлгож, улсын эрх ашиг гэж юуг хэлж байна вэ, тэдгээрийг юугаар хэмжих вэ гэдэг асуултад заавал хариулах шаардлагатай гэсэн үг. Тийм хэмжүүргүйгээр хийгдэх аливаа улс төрийн дүгнэлт нь хэн нэг албан тушаалтны үзэмжийн дүгнэлт байх болно. Улс гэдэг дотор иргэдийн эрх ашиг, хувийн хэвшлийн эрх ашиг хамрагдаж байна уу. Хамрагдаж байгаа бол тэдний эрх ашгийг юугаар , ямар нэгжээр хэмжиж байна вэ гээд олон олон асуултууд ар араасаа хөвөрч байна. Замын түгжрэлийг аваад үзье.

Замын түгжрэлийг буруулахаар арга хэмжээ төлөвлөхдөө бид уг түгжрэлийг үүсгэж байгаа шалтгааныг нь бүрэн оношилж чадав уу, тэдгээрийг бүрэн хэмжиж чадаж байгаа болов уу. Түгжрэлийг тийм хувиар бууруулна гэж амладаг. Тэгвэл үүнийг юугаар, ямар нэгжээр хэмжиж гэж. Хэмжигдэхгүй ойлголтыг ашиглаад байгаа юм уу гээд олон асуултууд хариултгүй л байна.

-Тэгвэл улсын эрх ашгийг бид өмнө нь юугаар хэмжиж байсан юм бэ?

-Хуучин тогтолцооны үед улсын төсөвт хэдий чинээ орлого оруулснаар нь улсын эрх ашгийг хэмжиж байсан. Гэтэл тэр үед бид бүгдээрээ улсын төсвөөс хоолоо олж иддэг, төрөө шүтэн дээдэлдэг байсан цаг. Харин өнөөдөр улсын, төрийн тухай ойлголт асар их өөрчлөгдсөн. Төр бол ердөө иргэддээ үйлчлэх ёстой байгууллага боллоо. Харин бодит байдал дээр улсын төсөвт хэдий их мөнгө олсон ч иргэдэд хүртээлгүй, харин ч тэрхүү мөнгөөр бялхсан төсвийг захиран зарцуулах эрх мэдлийн төлөөх тэмцэл улам нэмэгдсээр.

Энэ бол бид нийгмийн тогтолцоогоо сольж хууль, тунхгаа гаргасан мөртлөө хэмжүүрээ солиогүй байгаагийн зовлон.

Нэгдсэн, бүгд хүлээн зөвшөөрсөн, баримт фактанд суурилсан хэмжүүр байхгүй бол аливаа юмс үзэгдлийг хүн болгон өөр өөрийнхөө хэрэглэдэг хэвшмэл хэмжүүрээр хэмждэг. Ингээд тухайн асуудлаар өөр өөрсдийн хэмжүүрийг ашиглан хийсэн хэмжилтийн дүн нь хоорондоо зөрөөд ирэхээр маргадаг. Тэгэхээр тоон утгад шилжүүлж болдог, оновчтой хэмжүүр нь нийгмийн дунд зөвшилцлийг бий болгож, нийгмийн гишүүдийг нэгдмэл зорилготой болгоход маш чухал.

-Тэгвэл хэмжүүр байхгүй бол?

-Цахилгааны хэрэглээг хэмждэг тоолуур дээр жишээ аваад үзье. Та хэдий хэр тог цахилгаан хэрэглэснийг энэ багажаар маргаангүй зөв хэмждэг. Тиймээс төлбөрийг хураан авдаг, төлдөг хоёр хүний хооронд хэдэн төгрөг төлөх асуудлаар маргаан үүсдэггүй. Учир нь авсан нь хэрэглэсэн нь хөндлөнгийн тоолуураар нотлогдсон учраас. Хэрэв тоолуургүй байсан бол яах бол. Хоёр талаас бөөн зөрчилдөнө, ийм их цахилгаан хэрэглээгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр

Бид аливаа дүгнэлтийг хийх хэмжүүрээ гаргаагүй цагт гэр бүл ч , байгууллага ч, нийгэм ч хөгжиж чадахгүй

Энэ мэтийн байнгын зөрчил, зөрөлдөөн нь тухайн тогтолцооныхоо хамаг нөөцийг ховх сороод тогтолцоог мөхөл, хагацал руу хөтөлдөг нь хорвоогийн жам. Тогтолцоо гэдэгт нийгэм, байгууллага, гэр бүл, улс төрийн намууд зэрэг нийгэмд тодорхой үүрэг роль гүйцэтгэдэг бүтцүүдийг хамааруулдаг.

-Бид дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн хөгжихийн тулд хэмжүүр гэдэг ойлголтоо цэгцлэхээс эхлэх нь ээ?

-Хэмжүүргүй бол ахиц амжилт гарахгүй. Анх усны тоолуурыг суурилуулах талаар 1990-ээд онуудад нийгмээрээ хэлэлцэж байхад “Хэмжихгүй бол хэмнэхгүй” гэсэн сайхан нийтлэлийг сониноос уншиж билээ. Гэр хороололд амьдарч байгаа иргэд усаа өдөр болгон хэмжүүрээр авч тэр болгондоо мөнгө төлдөг. Гэтэл орон сууцны иргэд крантаа нээчихдэг тул хэр их ус хэрэглэж байгаагаа мэддэггүй байлаа. Харин усны тоолуур гэгч хэмжүүрийн ачаар л ус хэмнэж мэддэг болсон. Ерөөсөө хэмжүүр байхгүй бол хэрүүл, зөрчилдөөн тасрахгүй. Өөр нэг энгийн жишээг авъя. Бид хэн нэгэнтэй уулзахаар болзохдоо үдээс өмнө, үдээс хойш эсвэл үдийн алдад уулзъя гэдэг. Ийм хандлага ялангуяа төрийн байгуулlагууд дээр их өргөн ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, 4-6 цагийн нарийвчлалтай тохиролцохыг оролдож байна гэсэн үг. Ингэснээрээ, бид тэр их цагийг гарздаж байна гэсэн үг. Бид хэзээнээсээ л ингэж бүдүүн тоймын, ерөнхий хэмжүүртэй давхиж ирсэн. Хурал хийх болсон ч цагтаа ирдэггүй. Түрүүлж ирснээ шоолох шахуу, харин сүүлдэж ирсэн нь жинхэнэ Монгол болох жишээний.

Бид нэг бол огт хэмжүүргүй, эсвэл маш тоймын хэмжүүр хэрэглэдэг нь бидний маргаашийг, ирээдүйг булингартуулж баллаад байгаа.

-Тийм бүдүүн баараг хэмжүүр орчин цагт таарахгүй гэдгийг бид бүгд мэднэ дээ….

-Харин ээ… Нүүдэлчин ахуйд, тэр дотроо Монголын Их эзэнт гүрэн, Манжийн төрийн, коммунизмын ноёрхлын үед ч хэрэглэж болоод л байсан. Харин энэ арга барил шинэ цагийн өнгө аястай нийцэхгүй. Дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхахын тулд алхам тутмаа, өөрөөр хэлбэл үйлдэл тутмаа, түүний үр дагавар бүрийг бид хэмжиж сурахаас аргагүй.

Цаг, минут, секундээр өөрчлөгдөж буй орчин цагт бид “өнөө л их үд ,бага үдээрээ” хэмжиж дүгнээд сууж таарахгүй.

Манай нийгмийн өмнө тулгарч байгаа олон асуудал чухам ийм л сэтгэлгээнээс үүдэн гардаг. Tов тодорхой хэмжүүргүйгээс болоод бид хөгжихгүй, нөгөө Монгол гацаандаа хий эргэсээр л байх болно.

-Хэмжүүргүй байсаар асуудалд ороод байгаагаа мэддэг нь хэд бол, мэдэхгүй нь л олон болов уу даа?

-Оновчтой тоон хэмжүүргүй, түүнийгээ хэрхэн бий болгох арга замаа мэдэхгүй учраас олон асуудалтай тулгарч байна. Хэрэв мэдэхгүй байгаагаа мэдэж байгаа бол энэ нь том давуу тал. Гэтэл мэддэггүйгээ мэддэггүй улс зөндөө давхиж явна. Эдгээр бүлгийн хүмүүс нь их гуйвамтгай, бас шинэчлэл өөрчлөлтийг жад барин эсэргүүцдэг. Дээр нь мэддэггүйгээ мэддэг мөртлөө мэддэггүйгээ тас нуугаад мэддэг дүр эсгээд худлаа яриад , бөөн бүдүүн баараг тоонууд гаргаж ирж сошиал ертөнцөд постлоод явдаг хүмүүс бас бий. Тэд нийгэмд болон өөрсдөдөө олон асуудал үүсгэдэг. Эмгэнэлтэй нь тэр үйлдлээсээ болж өөрсдөө хохирч байгаа бас мэддэггүй.

Бас мэддэггүйгээ мэддэг мөртлөө мэдэхийг оролддоггүй, мэдэхгүйгээрээ хариуцлагаас зугтдаг, мэдэхгүйнхээ ард орж өөрийгөө хаацайлдаг хүмүүс ч байна. Энэ бүлгийн хүмүүс бол байнгын айдас түгшүүртэй, бас гутрангуй үзэлтэй болчихсон байдаг.

-Хэмжүүр байхгүй байгаа нь хөгжихгүйн нуугдмал шалтгаан болж гажуудалд оруулсан зүйл байх нь ээ?

-Хэмжүүр байхгүй бол бодит дата өгөгдөл байхгүй. Хэмжүүр бол шалгуурын үүрэг бас гүйцэтгэнэ. Хэмжүүр байхгүй бол шалгуур байхгүй гэсэн үг. Ингээд шалгуур нь байхгүй болохоор иргэд янз бүрийн сувгаар өөрт нь ирж байгаа мэдээлэлд шүүлтүүргүй, болгоомжгүй ханддаг. Нэрэлхүү зангаасаа болоод хэмжүүр нэхэхээсээ цааргална, чиний хэлж байгаад итгэхгүй гэж хэлэхээсээ ичнэ. Тэгээд л цааш нь тэр шалгаагүй мэдээллээ үнэн мэтээр түгээж гарна. Үүнийг нь улс төрчид маш сайн мэддэг, ашигладаг. Ямар сайндаа л “ бор шувуу нисгэнэ” гэдэг хэллэг гарсан байхав дээ. Тэр тэгж ярьж байна лээ гээд л. Өөрийнхөө оюун санааг хэмжүүрээр зэвсэглээгүй хүний ярьсан, нийгмийн сүлжээнд жиргэсэн , постолсон мэдээнд шууд л итгээд өөрийнхөө ухаан санааг самууруулна. Тэгээд цаашилбал бидний сайн мэдэх Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт гардаг шиг амьдрал өрнөнө.

-Бид суурин амьдралд шилжээд 100 жил болж байна. Үүнтэй холбоотойгоор өнөө хэмжүүрийн асуудал яригдахаас аргагүй болжээ дээ?

-Миний бодлоор манай нийгэмд 2 ч том шилжилт явагдаж байна. Нэг шилжилтийг нь бид сайн мэднэ.Тэр нь коммунизмаас ардчилсан нийгэм рүү шилжих шилжилт юм. Энэ шилжилтийнхээ талаар бид гайгүй ойлгож, шинэ нийгэмдээ дасан зохицох гэж олон аргаар тасралтгүй оролдож алдаа, оноо аль алийг нь амсаж байгаа. Харин хүмүүст анзаарагдахгүй хэрнэ нийгэмд маш олон асуудал үүсгээд байгаа бас нэг шилжилт бол хүн амын дийлэнх нь суурин амьдрал руу шилжих процесс юм. Энэ явцад нүүдэлчин амьдралын олон суурь ойлголтууд суурин амьдралын олон ойлголтуудтай зөрчилддөг. “Энэ нэг хөдөөний юм, оркууд” гэдэг ч юм уу, эсвэл “энэ нэг Монголоо алдсан амьтан” гэдэг ч юм уу нэгнээ муу муухайгаар хэлж уцаарлахыг бид зөндөө бишгүй л сонсдог.

-Оркууд эсвэл Монголоо алдсан гэж нэгнээ буруутгаж байгаа нь жам ёсны процесс байх нь..?

-Энэ бол зөвхөн хоёр хүний хоорондын маргаан биш, хоёр янзын амьдралын хэв маягт зохицсон ойлголтуудын зөрчил илэрч байгаа хэрэг. Тийм учраас хэн нэгэнд нь буруу эсвэл зөв өгөх боломжгүй. Ийм үед бид өөрсдөө юуг үнэ цэнэтэй зүйл гэж үзэх вэ, бие биедээ яаж үнэ цэнийг бий болгох вэ гэдэг дээр ойлголтоо харилцан хэлэлцэж улмаар нэгдсэн ойлголттой болох шаардлагатай тулгарч байна. Ингэж ойлголтоо нэгтгэж хамтдаа нэг баг болж чадахгүй бол хөгжил дэвшил өөд тэмүүлэхэд тун бэрх. Нэг нь хөдөө эзгүй хээр явж байгаа юм шиг хэнэггүй монгол зан гаргаад, нөгөөх нь гадаадынхныг шүтэн биширч, уурлаж бухимдаад байвал юу болох вэ. Энэ үед хоёр талаасаа тэвчээртэйгээр ухаалгаар хандаж сурах ёстой. Бидэнд нэгнээсээ сурах зүйл ч, бие биендээ хэлж засаж залруулах алдаа дутагдал ч их бий. Өнөөдөр шуугиан тариад байгаа бөхчүүдийн гаргаж байгаа араншинг хар л даа. Асуудлаа ухаанаараа, зөвшилцлөөр шийдэхгүй, тэгж шийдэх аргаа олохгүй болохоороо хүчээр шийдэх гэж үзэж байна. Гэтэл ингэж хүчээр шийдэх гэж оролдох тусам асуудал нь улам даамжирна. Тэр ч байтугай олон асуудал шинээр гарч ирж асуудал нь илүү хурцдаж байгааг та бид бэлхэн харж байна.

-Эргээд харахаар ардчиллын тухай бидний төсөөлөл ямар ч хэмжүүргүй, дэндүү бүдүүн баараг байжээ дээ?

-Нийгмийн шинэ тогтолцоонд шилжихээс өмнө, шилжсэний дараах үед нийгэм, эдийн засгийн бүтэц маш энгийн байжээ. Компаниуд нь дөнгөж бизнесийн талбарт хөл тавиад тэдний үйл ажиллагаа нь ч бас энгийн, олон талт ээдрээт асуудал гэж бараг байсангүй. Гэр бүлийн хүрээнд ялгаагүй. Ингээд ардчиллыг тунхаглан бүгд л гараанаасаа гарахад бид ардчилсан нийгэмд амьдарна гэдгийг мөнгө л олох ёстой юм байна гэж ойлгосон. Тэр их мөнгөөрөө кока кола ууж, марлборо татаж, Мерседес бенз унаад америк маягийн тансаг хауст сууж амьдын жаргалыг эдэлнэ гэж төсөөлөөд бүгдээрээ л мөнгө, хөрөнгөний араас зүг чиггүй давхичихсан хэрэг. Өөрөөр хэлбэл амьдралынхаа утга учрыг мөнгөөр хэмжсэн. Харин одоо бид давхиж давхиж байгаад бахардаад зогсож байна. Тэгэх ч ёстой юм.

-Яагаад...?

-Яагаад гэвэл нийгмийн амьдрал илүү нарийн бүтэцтэй, том болсон төдийгүй бидний бүгдийнх нь эрх ашиг нь хоорондоо харилцан хамааралтай, шүтэлцээтэй болоод эхэлчихсэн хэрэг. Түүгээр ч зогсохгүй нийгмийн зарим гишүүдийн эрх ашиг нь хоорондоо зөрчилдөөд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал болон хувирчээ. Тулгарч байгаа асуудлууд нь ч илүү нарийн, төвөгтэй болж ирсэн.

Одоо бид ухаалгаар сэтгэлгээгээ өөрчилж, цэгцэлж л асуудлуудаа шийдэхээс өөр аргагүй.

Бидний өмнө тулгарсан асуудлуудыг үүсгэж байгаа суурь шалтгаануудыг олж тогтоон улмаар түүнийг өөрчлөхөөс наана хүчээр, албадлагаар эсвэл мөнгөөр асуудлуудыг шийдвэрлэх боломж үгүй. Тийм суурь шалтгаануудын нэг нь хэмжүүр байхгүй байгаа явдал мөн.

-Хөгжсөн орнууд хэмжүүртэй холбоотой асуудлаа олоод харчихсан, ойлгочихсон байх нь ээ?

-Мэдээж асуудалгүй орон гэж байхгүй. Гэхдээ олон улс орон мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийг бий болгоно, хөгжүүлнэ гэдэг чиг хандлага руу орчихлоо шүү дээ. Мэдлэг, инноваци гэдэг ойлголт чинь мөн л хэмжихээс л эхэлж байгаа юм. Хэмжүүр байхгүй бол ямар мэдлэг байх билээ. Мэдлэгт суурилсан нийгмийг бий болгох санал, санаачилгыг дэмжих үүднээс Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага / OECD/ мэдлэгт суурилсан нийгмийн жишиг загварыг гаргачихсан байна лээ. Гэтэл бид нар мэдлэгт суурилсан эдийн засаг руу чиглэхгүй “нөгөө муу хэдэн толгойнуудынхаа” тухай ярьж өдөр хоногийг аргацааж байна. Ийм аргацаасан хандлагын цаана тархиа ажиллуулахгүйгээр нөгөө хэдэн толгойнуудаас бэлэн хоол олоод идчих юмсан гэдэг бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурал л байна уу даа.

-Ингэхэд аз жаргалын хэмжүүр гэж байх уу ?

-Тийм хэмжүүрийг гаргах гэж хүн төрөлхтний түүхэнд олон оролдлого хийгдсэн тухай олж уншсан шүү. Энэ дэлхийн 7 тэрбүм хүн бүгдээр хүлээн зөвшөөрсөн хэмжүүрийг гаргаж чадаагүй, тэр хэмжүүрийн эрэл хайгуул үргэлжилсээр байна. Одоо болтол хариултыг олж чадаагүй.

Аз жаргалтай байх нь хүний өөрийгөө танин мэдэхээс эхэлдэг зүйл. Өөрийгөө танин мэднэ гэдэг бол юуны өмнө өөрийнхөө хэрэгцээгээ мэддэг, бас хэмждэг болохыг хэлэх байх.

Хэрэгцээгээ таньж мэдэхгүй, түүнийг хэмжих хэмжүүргүй бол аз жаргалтай эсэхээ мэдэхгүй яваад л байна гэсэн үг дээ.

-Та ер нь яагаад энэ сэдвийг ингэж гүн гүнзгий барьж авсан юм бэ?

-За нэг их гүнзгий, энэ тэр гэж яриад яахав. Амьдрал бол өөрөө агуу багш гэдэг дээ. Хариуцаж байгаа байгууллага, үйл ажиллагаандаа олон олон асуудалтай тулгарсан. Тэдгээрийг үүсгэж байгаа шалтгаануудыг олж тогтоох нь миний хариуцсан байгууллагын хувьд цаашид оршин тогтнох уу үгүй юу гэдэг асуудал болон хувирсан юм. Тэгэхэд л асуудлаа шийдвэрлэх гаргалгаа нь хэмжүүр гэдэг зүйл рүү хөтөлж байгааг анх ухаарсан.

-Магадгүй тантай санал нийлэхгүй, үгүйсгэх хүн ч зөндөө гарч мэднэ…?

-Би нэг гоц ухаантайдаа энэ бүхнийг яриад байгаа юм биш шүү. Монголын нийгэм бүхэлдээ дөнгөж л шинэ нийгэмдээ дасан зохицож амьдрахыг сурч төлөвшиж яваа. Би ч бас энэ нийгмийн эд эсийн хувьд бусадтай адил суралцаж байна. Харин суралцах арга барил маань зарим хүмүүсийнхээс арай цэгцтэй байж мэднэ. Сэтгэлгээгээ цэгцтэй болгох замаар өөрийнхөө амьдралд ч, компанийнхаа үйл ажиллагаанд ч ахиц, дэвшилт гаргасан хүн олон бий. Тэд гол нь учирч байсан бэрхшээл, асуудал, бүтэлгүйтлээ юунаас үүдэн бий болов, өөрсдөө юуг нь дутуу тооцов, дутуу хийв гэдгээ л сайн таньж мэдэж чадаад байгаа юм. Ингэж бүтэлгүйтлийнхээ шалтгааныг таньж мэдэж чадна гэдэг чинь бүтэлгүйтлээ давуу тал болгож чадна гэсэн үг. Магадгүй миний дээрх дүгнэлтүүд буруу байж болно. Хэрвээ тийм байвал би энэ сэдвийг хөндөж ярилцсанаараа бусдаас зөвийг нь олж сонсох боломж бүрдэнэ шүү дээ.

-Хүн хэмжүүрийн тухай ойлголтыг хэдэн наснаасаа өмнө мэдчихсэн ойлгочихсон байх ёстой гэж та боддог вэ?

-Ерөөсөө хүн болгон хэмжүүртэй болох, түүнийг хэрэглэх талаар ойлголттой, дадлагатай, туршлагатай болохыг хичээх хэрэгтэй. Хэмжүүртэй болох, хэмжүүртэй байх нь зүйтэй гэдэг ойлголтыг хүүхэд наснаас нь хүний тархинд нь суулгаж төлөвшүүлчих юм бол ч нийгэм урагшлаад л ирнэ гэж итгэдэг. Хэрэв цэцэрлэгийн наснаас нь үүнийг төлөвшүүлчихвөл хүүхдэдээ, ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт болно.

мэдээллийн эхийг peak.mn /news авсан болно.




Сүүлд нэмэгдсэн

awareness.png

Нийтэлсэн: 2019/05/16

Сэтгэлгээний алдаа

Тэнэг хүн алдаа гаргадаг ухаантай хүн алдаа гаргадаггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. Хүн шинэ зүйл сурч мэдэх явцдаа заавал алдаа гарг...

Дэлгэрэнгүй
purpose.jpg

Нийтэлсэн: 2019/05/03

Системийн зорилго

Зорилго бол хүний төрөл бүрийн үйл ажиллагааг нэгтгэн, дэс дараалалд оруулан, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёоллыг хэлнэ.

Дэлгэрэнгүй
csystem_slide_research.jpg

Нийтэлсэн: 2019/04/22

Системийн тухай ойлголт

Систем нь аливаа хуваагдашгүй, тусгай обьект, зүйлийг бус харин харилцан уялдаа бүхий үргэлж хөдөлгөөнд орших олон юмсын нэгдэл юм.

Дэлгэрэнгүй