Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх арга хэрэгсэлүүд

0503.JPG

2019/06/07

Материаллаг болон оюун санааны ертөнцөд цоо шинийг зохион бүтээхийг бүтээлч үйл ажиллагаа гэдэг. Бүтээлч үйл ажиллагааны үр дүн нь хосгүй, цоо шинэ учраас жирийн үйл ажиллагаанаас ялгаатай байдаг. Бүтээлч сэтгэлгээ бол орчин тойрноо өөрчлөөд зогсохгүй хүний гадаад болон дотоод сэтгэлгээг өөрчилж байдаг. Ихэнх хүмүүс бүтээлч сэтгэлгээгээ зохиолч, яруу найрагч, зураач хөгжмийн зохиолч, эрдэмтэд, зохион бүтээгчдийн ажил гэж боддог. Гэвч хүн бүрд бүтээлч сэтгэлгээ бий. Зарим хүн бүтээлч сэтгэлгээгээ ухамсартайгаар хөгжүүлж, аливаа асуудлыг шийддэг бол бусад нь тийм биш. Судалгаанаас үзвэл хүмүүсийн дөнгөж 5 хувь нь бүтээлч сэтгэлгээгээ хэрэглэж чаддаг байхад 95 хувь нь түүнийгээ ашиглахаа “мартсан” байдаг. Бүтээлч сэтгэлгээ нь Эдвард де Боногийн тодорхойлсноор ямар ч дүрэм журманд захирагддаггүй, зөвхөн өөрийнхөө жам ёсоор гарч ирдэг байна. Ийм стандарт бус сэтгэлгээ, шинжлэх ухааны нээлт бүтээлийн үндэс болдог ажээ. Чехийн сэтгэл судлаач М.Вертгеймер бүтээлч сэтгэлгээ бол бүтээмж ихтэй гэж тодорхойлсон байна.Аливаа асуудлын хариуг номноос болон найз нөхдөөсөө мэдэж авахын хичээдэг хүмүүс олон байдаг. Тэдний олж авсан хариу нь энгийн хялбар мэт санагддаг боловч ихэнх тохиолдолд тухайн асуудлыг шийдэхэд бүрэн тохирдоггүй. Бүтээлч сэтгэлгээний үр дүнд стандарт бус асуултад хариу өгөх шинэ мэдлэг бий болно. Нөгөө талаас, бүтээлч сэтгэлгээ шугаман бус байдаг. Шугаман бус сэтгэлгээ нь асуудлыг тал бүрээс нь харах, түүнийг шийдэх төрөл бүрийн арга замыг олоход тусалдаг. Бүтэлч сэтгэлгээг хөгжүүлэхэд асуудал дэвшүүлэх нь чухал үүрэгтэй. Аливаа асуудлыг шийдэхийн тулд стандартын бус арга зам хайж эхэлдэг. Бүтээлч сэтгэлгээг идэвхижүүлэх аргыг арга зүйн, сэтгэл зүйн , хамтын гэж ангилж үзэж болно.

1. Санамсаргүй обьектын арга.

Аливаа обьектыг шинэ шинж чанартай, боловсронгуй болгоход энэ аргыг хэрэглэдэг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний шинэ загвар гаргах, зохион бүтээх үйл ажиллагаанд энэ аргыг өргөн хэрэглэдэг. Өрсөлдөөний нөхцөлд барааны шинэлэг тал, худалдан авагчийг өөртөө татах асуудал хурцаар тавигддаг. Худалдан авагчийг барааны үнийн бууруулалтаар татаж болох боловч эдийн засгийн хувьд алдагдалтай болно. Тиймээс уг барааг шинэчлэх, чанарын шинэ өөрчлөлт хийх явдал нь энэ өрсөлдөөн дундаас гарч ирэх тодорхой гарц юм. Энэ аргын гол санаа нь санамсаргүй сонгосон обьектын шинж чанарыг тухайн обьектод шилжүүлэн суулгах явдал юм. Энэ аргыг хэрэглэх үе шат:

  1. Сайжруулах гэж байгаа обьектоо анхаарлын төвд байрлуулах
  2. 3-4 обьектыг санамсаргүй сонгож авах. Обьектын нэрийг сонгохдоо толь бичиг, ном, лавлах ашиглаж болно.
  3. Эдгээр обьектыг систем гэж үзээд үндсэн шинж чанарыг нь бичих
  4. Эдгээр шинж чанарыг анхаарлын төвд байгаа обьект дээрээ авчирч үзэх
  5. Шинэ хувилбарыг үнэлж, сонирхолтой санааг тэмдэглэж авах
  6. Шинэ санааг шинжилж үзээд хэрэгжүүлэх ажилд орох 

2. Уран сэтгэмжийн хослол

Уран сэтгэмжийн арга нь уран зохиол түүний дотроос хүүхдийн уран уран зохиолын салбарт илүү тохиромжтой. Уран зохиолын ном бичихэд сонирхолтой сэдэв олох нь чухал. Энэ аргын гол санаа нь утга санааны хувьд хол зөрүүтэй хоёр үгийг холбоход оршино. Ийм хослол нь уран сэтгэмжийг цочоож, бүтээлч сэтгэлгээг өрнүүлэхэд түлхэц болдог.

3. Шинэ санааны тор

Асар их хэмжээний мэдээллийг товч байдлаар харуулж, шинжлэх боломж олгодог. Америкийн гар сурталчилгааны компанийн тэрнүүн Ричард Боно энэ аргыг анх боловсруулж хэрэглэсэн. Энэ арга нь бизнес, үйлчилгээний салбарт илүү тохиромжтой бөгөөд өөрийн бизнесээ олоход тус болдог байна. Шинэ санааны тор нь босоо, хэвтээ тэнхлэгээр хаязгаарлагдсан 4 талбайгаар илэрхийлэгдэнэ. Өөрийн эхлэх гэж байгаа бизнесээ энэ 4 хавтгайн харгалзах хэсэгт байрлуулах хэрэгтэй. Өөрийн бараа, үйлчилгээг энэ хавтгай дээр байрлуулснаар тэр санаагаа олж харж чадна.

4. Уолт Диснейн 3 сандлын арга

Уолт Дисней хүн төрөлхтөний түүхэнд Микки Маусын дүрийг бүтээснээрээ алдаршаад зогсохгүй бүтээлч сэтгэлгээг идэвхижүүлэх аргачилалын зохиогч гэдгээрээ нэрд гарчээ.Тэрээр өөрийн мөрөөдлөө бодит болгож чадснаар 53 насандаа тэр бумтан болжээ. Амжилтанд хүрэх нөхцөл бол шинэ санаа гаргах төдийгүй, түүнийгээ тунгаан бодох нь их чухал гэж тэр үздэг. Тэрээр 3 шаттай сэтгэлгээний аргыг гаргаж тавьсан байна. Энэ нь аливаа асуудлыг 3 өөр үзэл бодол, байр сууринаас үзэж байж шийдвэр гаргах ёстой.

Нэгдэх байр суурь нь янз бүрийн хоосон мөрөөдөлд хөтлөгдөж байдаг. Мөрөөдөгч бол ямар нэг юманд хязгаарлагдахгүй, асуудлыг хөлөөс нь толгой хүртэл эргүүлж тавьж, санаа бодлоороо тоглож байдаг.

Хоёрдахь байр суурь бол ажил хэрэгч хүний үзэл бодол юм. Бодит амьдралыг баримтлагч бол олон тооны саналаас аль нь тухайн нөхцөл байдалд хэрэгжих боломжтойг мэддэг хүн юм.

Гуравдахь байр суурь бол шүүмжлэгчийн байр суурь юм. Мөрөөдөгчийн гаргасан санааг хэрэгжүүлэх талаар ажил хэрэгчийн тавьсан аргачлалын алдаа, гарч болох хүндрэлийг шүүмжлэгч хэлж өгнө. Шүүмжлэгч бол тухайн шийдлийн далд алдаа, учирч болох аюулыг урьдаас харж чаддаг. Энэ аргыг энхий үед зөвхөн нэг хүнд зориулж хэрэглэж байсан бол одоо багаар ажиллаж байгаа хүмүүс хэрэглэх болжээ.

5. Зургаан бүрх малгайн сэтгэлгээ

Нарийн түвэгтэй асуудлыг шийдэх талаар эргэцүүлэн бодож байх явцад тухайн асуудалтай огт холбоогүй, харин хүний сэтгэлгээний онцлогтой холбоотой асуудлуутай байнга тулгарч байдаг. Энэ нь нэгд, аливаа нарийн түвэгтэй асуудал, олон талтай байдагтай холбоотой. Хоёрт, бидний сэтгэлийн хөдөлгөөн садаа болж байдаг. Харин Эдвард де Боногийн гаргаж тавьсан 6 бүрх малгайн сэтгэлгээг хэрэглэснээр асуудлыг ул суурьтай шийдэх боломж олгоно.

Цагаан малгай: Цагаан өнгө бол шударга, үнэн зөв, алагчилж үздэггүй гэсэн санааг агуулж байдаг. Цагаан бүрх малгай дотор тоо баримтаар дүүрэн санаа бодол буцалж байдаг. Ийм санаа бодол нь тоо баримт, хүмүүсийн бодол, тайлбарыг ялгаж, салгаж өгдөг. Цагаан бүрх малгай өмссөнөөр та аливаа зүйлд бодитоор хандах ёстой.

Улаан малгай: Улаан бүрх малгай бол уур хилэнгийн билэг тэмдэг юм. Улаан бүрх малгай өмссөнөөр бид сэтгэлийн хөдөлгөөндөө эрх мэдлээ өгч, түүнд хөтлөгдөнө. Анхаарахгүй орхиж болохгүй тоо баримтад бодит биш байдлаар хандахыг сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх гэж ойлгож болно. Улаан малгай өмссөн хүний хувьд өөрийн зөн билгийн талаар өөртэйгөө зөрчилддөг учраас түүнийг тайлбарлахыг оролдох биш харин түүнийгээ мэдэрч байх нь чухал юм.

Хар малгай: Хар өнгө бол уйтгартай байдлыг агуулна. Энэ бүрх малгай бүх муу муухайг халхалж байдаг. Энд шүүмжлэлд өртөж, сэтгэлээр унахаас эхлээд амьдрал дээр бүтэх юм гэж юу ч байхгүй гэсэн гутрангуй үзэл, үнэмшлээр дүүрэн байдаг. Хар малгай өмсөх нь асуудлыг шийддэггүй, харин асуудал бий болсныг илрүүлж хэлж өгнө.

Шар малгай: Шар өнгө бол нар, өөдрөг үзэл санааг илэрхийлнэ. Шар бүрх малгай бол өөдрөг үзлээр бялхаж, түүндээ итгэж, найдаж байдаг эерэг сэтгэлгээг илэрхийлнэ. Тухайн нөхцөлөөс эерэг зүйлүүдийг хайн олж эерэг дүгнэлт гаргаж байдаг. Сэтгэлгээний энэ хэлбэр нь хүний мэдрэмжийг улам сэдрээдэг.

Ногоон малгай: Энэ өнгө нь навчны өнгө бөгөөд элбэг дэлбэг, чинээлэг байдал, үр төлийг илэрхийлнэ. Ногоон бүрх малгай бол бүтээлч эхлэл, шинэ санаа бодлын цэцэглэлтийг тэмдэглэж байдаг. Ногоон малгай өмссөн үед бид шинэ бодол санаагаа улам идэвхижүүлэхэд анхаарах бөгөөд харин тэр шинэ санааг шүүн тунгаадаггүй.

Хөх малгай: Тэнгэрийн өнгө болох хөх өнгө нь сэтгэн бодох үйл ажиллагааг удирдах, зохион байгуулахтай холбоотой. Мөн бусад өнгийн малгайг хэрэглэх явцыг зохицуулна. Юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ? гэдэг асуулт түүний хувьд хамгийн гол зүйл юм. Хөх малгай өмссөн тохиолдолд хүрсэн түвшнээ нэгтгэн баяжуулж, дээр дурьдсан бүх өнгийн малгай өмсөж, гаргасан дүгнэлтийг тус бүрд нь тэмдэглэж авна.

Бэлтгэсэн: С. Пүрэвсүрэн

Эх сурвалж: Д.Бадарч, Б.Мөнххүж "Системийн сэтгэлгээ" ном

 




Сүүлд нэмэгдсэн

family_background_parents_grandparents_children_icons_cartoon_design_6838181.jpg

Нийтэлсэн: 2019/09/04

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлж байна

Уг судалгааны зорилго нь залуу судлаачдыг судалгааны арга зүйд суралцуулах, жишиг гэр бүлийн загвар боловсруулахад оршиж байна.

Дэлгэрэнгүй
Untitled-design-4-860x9999.jpg

Нийтэлсэн: 2019/06/14

Шийдвэр гаргахад туслах арга загварууд

Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? Хэрхэн өөрчлөлтийг амжилттай хийх вэ? зэрэг олон асуулт бизнес эрхлэгч төдийгүй, профессор багш, удирдах ажилтан, хүн бүрийн ө...

Дэлгэрэнгүй
0503.JPG

Нийтэлсэн: 2019/06/07

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх арга хэрэгсэлүүд

Материаллаг болон оюун санааны ертөнцөд цоо шинийг зохион бүтээхийг бүтээлч үйл ажиллагаа гэдэг. Бүтээлч үйл ажиллагааны үр дүн нь хосгүй, цоо шинэ учраас жи...

Дэлгэрэнгүй